МБШТ- Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж:
БАГШ ГУРВАН ЭРДЭНЭ ДОР ЧИН СҮСГЭЭР МӨРГӨН ЗАЛБИРЪЯ.
Монголын Бурханы Шашинтны Төв-Гандантэгчэнлин хийдийн “Батцагаан” их цогчэн дуганд хуран чуулсан эрдэмт лам хуврагууд, хутагт хувилгаад, Монгол улсад суугаа элчин сайдууд, дипломатууд, хүндэт зочид, эрдэмтэн судлаачид, сүсэгтэн олон та бүхэндээ Монголын Бурханы шашны тэргүүн, оройн дээд Очирдара, аврал итгэл, Анхдугаар Богд Жэвзүндамба хутагт Өндөр Гэгээн Занабазар дээдсийн түмэн өлзий гийсний 390 жилийн ой, лагшин мэндэлсэн их дүйчэн өдрийн мэндийг хамтатган дэвшүүлье.
XI жарны “Идэр төгөлдөр” хэмээх модон гахай жил буюу 1635 оны намрын сүүл сарын 25ны билэгт сайн өдөр Есөнзүйлийн Мандаа толгойн өвөрт Умард зүгийн шашны эзэн оройн дээд Очирдара, аврал итгэл, Анхдугаар Богд Жэвзүндамба хутагт Өндөр Гэгээн Занабазар дээдэс бээр эзэн Чингис хааны алтан ургийг таалан болгоож лагшин мэндэлсэн түүхтэй.
Өндөр гэгээн бээр Гурван сүүдэртэйдээ хутагтын орны хэлээр “Манзушринама-сам-гиди”, төвөдөөр “Жамбал цанжод”, монголоор “Манзушрийн нэрийг үнэхээр өгүүлэхүй” хэмээх номыг урьд эс заалгасан атал цээжээр унших тэргүүтэн суут билгүүний гайхамшигт шидийг үзүүлсэн. Дөрвөн нас сүүдрийг зооглох үест Жамбалин номун ханаас убаши санваарыг залж Ишдорж хэмээх алдрыг хүртсэн бөгөөд /1639 он/ таван сүүдэртэйд их Монгол уулын өвөр Ширээт цагаан нуур хэмээх газарт Умард зүгийн шашны эзнээр өргөмжлөн залж “Бат оршил” өргөн олон түмнийг цэнгүүлэн наадуулж их ёслол үйлдсэн бөгөөд түүнээс хойш үе үеийн богд Жэвзүндамба хутагтуудад “Бат оршил” өргөсөөр ирсэн өргөн дэлгэр агуулгатай баяр наадам болж уламжлагдсан байдаг.
Урьдын дээдсүүдийн зохиол лугаа зохилдуулж Вэнса брүлгү Лувсанданзанжамц дээдсээс тойн сахилыг хүртэж Лувсандамбийжалцан хэмээх алдарыг хүртсэн. Төвөдийн оронд морилж эрдэмт дээдэс Лувсанчойжижалцан, V Далай лам Агваанлувсанжамц нарыг багшид шүтэж Лувсанчойжижалцан дээдсээс гэцэл санваарыг хүртсэн бөгөөд V Далай ламаас Жавзандамба хутагтын цол тамга, өргөмжлөл бичгийг Өндөр гэгээн Занабазар дээдэст хайрласан байдаг.
Өндөр гэгээн 15 нас зооглох үест Төвөдийн Үйзанд морилж Лувсанчойжижанцан богд, Далай лам нарт бараалхахад ”Та Монгол нутагтаа очиж хуврагийн аймгийг байгуулбал шашин амьтанд их тустай болно” хэмээн эш лүндэн буулгажээ.
Өндөр гэгээн Төвөд орноос монголдоо морилоод Ширээт Улаан уулын оройд ой модоор хүрээлэгдсэн аглаг газарт “Э Бам гачиллин” буюу бүтээлийн орон “Дүвхөн” хийд, Хэнтий ханы ойролцоо хуврагийн номын аймаг Ривугэжайганданшаддүвлин хийдийг байгуулсан билээ. Улмаар тус хийдийг Цэцэрлэгийн Эрдэнэ толгойд шилжүүлж, нүүлгэж болдог Даавуун их дуганыг шинээр босгож, түүнийг “Их хүрээ” хэмээн нэрлэсэн бөгөөд Монголын бурханы шашин өнөд удаан дэлгэрэхийн суурь болсон юм.
Өндөр гэгээн бээр 1650 оны төмөр бар жил буюу өвлийн дунд сарын 23-нд бясалгалаа түр тайлж гэрээс гадагш гарах үед огторгуйд ланз үсэгтэй төстэй олон дүрсүүд урган үзэгдэхийг тогтоож аваад өөрийн багш Лувсанчойжижанцанд учрыг айлтгахад “Энэ дүрсүүд Огторгуйн чандмань адил номын үсгүүд байна. Та өөрийн нутаг орондоо очоод хувь төгөлдөр олон шавь нартаа зориулж дэлгэрүүлэн арвижуулаарай” хэмээн зарлиг хайрласан гэдэг.
Улмаар 1686 онд “Соёмбо” үсгийг Монгол хэлнээ зохилдуулан зохиосон агаад “Соёмбо” үсгийн бүтэн нэр нь Санскрит хэлэнд “Соёмбо зоёди”, Төвөд хэлэнд “Ранжүн нанва”, Монголоор “Өөрөө гарсан гэгээ” хэмээх гүн бэлгэдэл бүхий үсгээ буулган зохиосон билээ. “Соёмбо” үсгийн ерөнхий утга агуулга нь “Жамбалцанжод” буюу “Хутагт Манзуширын алдрыг үнэхээр өгүүлэгч” хэмээх номын утга агуулга аньс бүгдийг багтаасан хэмээн номын мэргэд олонтоо тэмдэглэжээ. Өндөр гэгээн ирээдүйг зөгнөсөн эш бошиг олон үзүүлсний дотроос “Миний үсэг дэлхийг бүрхэнэ” хэмээсэн нь “Соёмбо” үсэг Монгол төрийн далбаанд залагдаж, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болон дэлхийн олон орны тэнгэрт мандахыг бэлгэдсэн байдаг.
Мөн түүнчлэн Монголын ард түмнийг үеийн үед амар амгалан, эв эетэй орших хийгээд даян дэлхий амар амгалан, энх тайван байхын тухайд “Жанлавцогзол” буюу “Цагийг тохинуулах залбирал” хэмээх номоо айлдан зохиосныг өдгөө Монголын хүрээ хийдүүдийн лам нар болон сүсэгтэн олон уншин залбирч байдаг билээ.Өндөр гэгээний мутрын давтагдашгүй гайхамшигт бүтээл Очирдара, Язгуурын таван бурхан, Ногоон дарь эх зэрэг цутгамал бүтээлүүдийг өрнө, дорнын соёлт орнуудад үнэлэн, дэлхий дахины соёлын хосгүй үнэт өв, соёл урлагийн ховор нандин дурсгалд оруулж бүртгэн хамгаалалтдаа авсан бөгөөд Өндөр гэгээн Монголын уран баримлын хөгжилд шинэ эрин үеийг нээсэн суут уран бүтээлч байсан билээ.Өндөр гэгээний лагшин мэндэлсэн энэ их дүйчэн өдөрт зохион байгуулж буй бидний үйл ажилгааны онцлох хэсэг нь Өндөр гэгээний мутрын бүтээл, Гандантэгчэнлин хийдэд залагдаж байгаа “Юмт Очирдара” бурханд сүсэгтэн олныг хүндэтгэн мөргүүлэхийн тухайд Батцагаан их цогчэн дугандаа хүндэтгэлтэйгээр заллаа.
Өндөр гэгээн Занабазар дээдэс бээр судар, тарни хосолсон их хөлгөний шашныг эртний Энэтхэгийн Наландарын их сургуулийн уламжлалд суурилан Монгол оронд түгээн дэлгэрүүлэхдээ хурал номын ая дан, лам хуврагуудын хувцас, Бурхан шүтээн, балин тахил, онцлог хэлбэр бүхий сүм, дуганыг шинэчлэн цогцлоон байгуулж, Монголчуудын нүүдлийн соёл иргэншил, зан заншил, сэтгэлгээний онцлогт тохируулан шингээж “Монголын гэх онцлог бүхий Бурхны шашин”-ыг бий болгон хөгжүүлж, Монголчуудын мэдлэг боловсрол, үнэт зүйлсийн салшгүй нэгэн чухал хэсэг болгон уламжлуулан үлдээсэн их соён гэгээрүүлэгч юм.
Бурханы шашны үзэл онол, монголчуудын олон зууны түүх соёл, урлагийг хөгжүүлэхэд Оройн дээд Очирдара анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар дээдэс болон үе үеийн богд Жавзандамба хутагтуудын оруулсан ач ивээл, гавьяа зүтгэл цаглашгүй их билээ.
Өндөр гэгээний агуу их зохиол үйлс, гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсэг байгуулж өргөн дэлгэр тэмдэглэх шийдвэр гарган тэмдэглэж байгаа нь дэлхий дахинд Өндөр гэгээний суу билиг цуурайтах чухал алхам болж буйд Монголын Бурханы шашинтны төвийг төлөөлөн чин сэтгэлийн талархал илэрхийлье!
Монголын Анхдугаар Богд Жэвзүндамба хутагт, Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн ёслолын ажиллагаанаас…
Гандантэгчэнлин Хийд 2025.11.14





