АЗИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ШАГНАЛТ СЭТГҮҮЛЧ Д.ГАНСАРУУЛ: Одоо жагсаад, “Чимээгүй суулт” хийж буй ахмадууд бол 1989, 1990 оны нийгмийн өөрчлөлтөд гар бие оролцсон хоёр нийгмийг солилцсон торгон мөчид залуу халуун нас, амиа үл хайрлан тэмцсэн, ардчилагчид. Насыг нь хөөж бодоход хэн ч маргахгүй.
Монгол өв уламжлалаар бол ахмадууд үр, ач зээгээ тойруулж суугаад “Нас тогтох сайхан…” хэмээн дуулж, нэгэн насны жаргалаа эдэлж, ургацаа хураан хоймортоо налайж суудаг дүр бий.
Гэтэл ахмадуудын ахуй амьдрал, хангамжийн талаар яриад ч хэрэг алга. “Өлсөөд байна” гээд захын цайны газарт сууж, хүнсний дэлгүүрээс хулгайж хийж байгаад баригдаж, банкны үүд сахин байж зээл авчихаад хүүнээс хүү бодуулаад МӨНГӨ ХҮҮЛЭГЧ-дийн эрхээр зовлонд уначихаад өнгөрсөн 6 дугаар сараас хойш Төрийн ордны баруун хаалгыг сахин сууж байна.
“Чимээгүй суулт” бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хүний эрхийн дээд мэдрэмжийг илэрхийлдэг эсэргүүцлийн том бамбар л даа. Гэтэл хүний эрхийн, ардчиллын талаар түй ч мэдлэггүй, ардчилал, хүний эрх, эрх чөлөө рүү нулимдаг сайд, дарга, парламентын гишүүд ахмадуудын хажуугаар хар теньтэй машиндаа нуугдаж гарч орон хэдэн сарыг ардаа үдлээ.
Ахмадууд зөөлөн аргаар эхэлсэн жагсаал, цуглаанаа бусниулчихгүй гэж хэрэндээ зохион байгуулалтад орж, эвтэй явсаар өнөөдрийг хүргэв.
Хэлмэгдэгсдийн өдөр буюу энэ сарын 10-нд түр засварлуулаад байсан ЧИМЭЭГҮЙ СУУЛТ-аа дахин эхлүүлж “Тэтгэврийн доод хэмжээг 1,500,000 төгрөг болгох тэргүүтэй шаардлагуудаа төрийн өндөрлөгүүдэд төдийгүй, парламентын 126 гишүүнд “Ахмадуудын зовлон, нулимстай захидал” хэмээн хаяглаж өгсөн ч ямар ч үр дүнд хүрсэнгүй.
УИХ дахь АН-ын бүлгийн хэдэн гишүүдийг эс тооцвол ахмадуудаа тоож байгаа өөр дарга, сайд алга. “Харин ч 6%-иар нэмсэн шүү” гэж ялархахыг чуулганы хуралдаан дээр нэг бус удаа харав, сонсов!!!
Шаардлагад нь хариу өгөөгүй, ахмадуудын төлөөллийг албан ёсоор дуудаж хэлэлцээрийн ширээнд суугаагүй учир өнөөдөр ӨЛСГӨЛӨН ЗАРЛАХДАА туллаа.

Тэмцэл буюу эсэргүүцлийн үйл ажиллагаа олон хэлбэртэй байдаг. Ерөнхийдөө хоёр ангилж болно. Тун ойлгомжтойгоор тайлбарлая л даа.
- Зөөлөн хэлбэрийн тэмцэл
– Жагсаал, цуглаан, тайван суулт
– Өргөдөл, хүсэлт гаргах
– Урлаг, бүтээлээр дамжуулан эсэргүүцэх гэх мэт… - Хурц хэлбэрийн тэмцэл
– Өлсгөлөн зарлах (хуурай, нойтон аль аль нь)
– Өөрийгөө шатаах, бие махбодид хор учруулах
– Ажил хаялт, өлсгөлөнгийн хамт түрэмгий шинжтэй эсэргүүцэл
– Шууд мөргөлдөөн, эсэргүүцлийн хүч хэрэглэсэн арга хэлбэрүүд ордог. Ахмадууд эхлээд ЗӨӨЛӨН ХЭЛБЭРИЙГ сонгосон байгаа биз! Яг дарааллаар нь явж иржээ. Ахмадууд Ерөнхий сайд Г.Занданшатарт 72 цагийн хугацаа өгчихлөө. Энэ хооронд шаардлагад нь хариу өгөхгүй бол ХУУРАЙ ӨЛСГӨЛӨН зарлана гэдгээ өглөө бороон дунд мэдэгдсэн шүү!
Хуурай өлсгөлөн гэдэг нь ямар ч ус, шингэн хэрэглэдэггүй. Зөвхөн хоол идэхээс татгалзахаас ч илүү эрсдэлтэй тэмцлийн хэлбэр бөгөөд энэ нь “Хурц хэлбэрийн тэмцэлд” ордог юм аа гэж эрх дархтануудад хэлье!

Та нарын тухлаад байгаа наад Төрийн ордны баруун хаалган дээр зуны аагим халуун, намрын бороо, цастай хүйтэнд бууж өгөхгүй тэмцээд байгаа АХМАДУУД гэж үл ойшоож, тоохгүй байгаа хүмүүс чинь 1990 онд Монголд Ардчилсан нийгэм авчирсан тэр үеийн 25-45 насныхан шүү гэж хэлье. Наадуул чинь Төрийн ордны урд сууж байгаад л Монголд Ардчилал аваад ирчихсэн хүмүүс.
Нийгмээ өөрчилж чадсан юм чинь тэдэнд тэр байтугай зориг, туршлага бий. Битгий дутуу үнэлээрэй.
Саяхан 5, 6 дугаар сард GenZ үеийнхэн сэрчихсэн байгаа. Ахмадуудад хэрхэн шударга бус хандаж буйг, өвөө эмээ нар нь хэрхэн тэмцэж байгааг ЧИМЭЭГҮЙ ХАРЖ л байгаа.
Ахмадуудаа хүлээн ав, хэлэлцээрийн ширээнд суу, сонс!