Эхлэл Мэдээ Л.МӨНХБАЯСГАЛАН: Би боловсролгүй…
МэдээУлс төр

Л.МӨНХБАЯСГАЛАН: Би боловсролгүй…

Хуваалцах
Хуваалцах

УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБАЯСГАЛАН: Би боловсролгүй….

Тийм ээ, би дотоод, гадаадад явж олон сургууль төгсч чадаагүй ээ… Намайг дунд сургуулиа төгсөхийн өмнөхөн мөнгөний ханш ганцхан шөнийн дотор “хөрвөөж” 1 төгрөг 20 мөнгө байсан талх 2 төгрөг 40 мөнгө болчихсон юм. Аавын минь насаараа гагнуурчин хийсэн Техник туслалцааны барилга трест дампуурч аав ажилгүй, ээж 4 хүүхэд төрүүлсэн гээд 38 настай “тэтгэвэрт” хөөгдөн гарч манайх гэдэг айл ор тас орлогогүй болсон доо. Бид картын талхандаа алалцаж өлөн зэлмэн амьдрал руу гулсан орлоо. Уг нь намайг бага ангид байхад манайх “баян айл” байсан юм. Аав орос дэлгүүрт ордог, ээж минь депутат байлаа. Өмссөн зүүсэн идэх уухаар элбэг дэлбэг явсан сайхан айл хэдхэн сарын дотор уруудаж аав минь аргаа бараад номын сан дахь номоо хуугаар нь шуудайлж гараад цаасны наймаачинд худалдаж орхисон. Тэр өдөржин би цонхон дээрээ зогсоод уйлж билээ. Ээж минь техниккум төгссөн ажилчин хүн байсан ч маш их уншдаг , надад ном их худалдаж авч өгдөг байсан тул манайх овоо номтой айл байлаа л даа. Дараа нь ээжийн өвлийн пальтог зарсан. Өөрийнхөө малгайг зарав.. Ээж минь Германд ажиллаж байгаад ирэхдээ том болж яваа хүүхдүүддээ зориулан авчирсан систем хөгжмийг зарчихлаа.

Аав ээж минь ажил хөдөлмөрт сайн байсны ачаар манайх 3 өрөө байранд амьдардаг байсан юм. Байр хувьчлагдлаа. Гурван өрөө байраа 4 сая 500 мянган төгрөгөөр зараад манайх Дамбадаржаад өвөөгийн хашаанд 4 ханатай гэрт амьдрах боллоо. Яагаад байраа зарсан бэ гэвэл биднийг сургуульд сургаж цаашид хөл дээр нь босгох гэж аав минь наймаа эрхлэхээр шийдсэн байжээ. Би Чой.Лувсанжав багшийн байгуулсан Хэл иргэншлийн дээд сургуульд орлоо. Гэхдээ дээд сургуульд орохоос өмнө гэр бүлдээ нэмэр болох гэж 10 р ангиа төгсөөд Мах импекс компанид (ээж минь насаараа тэнд ажилласан ) цэвэрлэгч болсон юм. Байраа зараад аав ээж хоёр минь намайг дээд сургуульд оруулж аав өөрөө ганзагад явлаа. Шууд шатсаан. Хятадаас баахан биеийн тамирын хувцас дараад Оросод зарах гээд шатав аа… Ер нь эгэл жирийн ажилчин хүн гэнэт л наймаа энэ тэр хийнэ юу байх вэ дээ.

Би өвөө эмээ дээрээ өссөн юм. Миний өвөө эгэлгүй эрдэмтэй төвд, монгол , крилл бичигт нэвтэрсэн хүн байсан тул надад үлгэр домог, Гэсэр, Жангар, Чойжид дагинын тууж, Цагаан дар эх, Саран хөхөө, Богдын лүндэн, Цаасан шувууны үлгэр уншиж өгч өсгөсөн болохоор би үндэсний үзэл сууж Хэл иргэншлийн дээд сургуульд орсон байлаа. Гэхдээ сэтгүүлч болох мөрөөдлөө хаяагүй байсан цаг. Гэвч аав минь шатаж нөгөө байр зарсан мөнгө байхгүй болсон учир би 2-р курстээ сурах боломжгүй болов. Намайг ажил хий гэлээ…Гэвч аав ээж эмээ үеэл эгч нар яаж мөнгө олсон юм бэ хэдэн төгрөг олох нь олсон. Гэхдээ “дараа жилээс дахиад төлбөрийг чинь төлж чадахгүй тул чи өөрөө ажил хийж мөнгө ол “гэж хэлсэн. Гэтэл азаар тэр үед Монгол ,Данийн хамтарсан Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүлчийн курс нээгдээд жил л болж байв. Дани, монгол багш нар хичээл заана. Тухайн үед бусад дээд сургуульд байгаагүй комьютер хэрэгсэлтэй их гоё сургууль байсан юм шүү. Зургаахан сар сургаад төгсгөнө. Сэтгүүлч болоход 4 жил хэрэггүй л гэж байна. Төлбөр хямдхан. Азны юм шууд л шалгалт өглөө, тэнцлээ. Тэд намайг ярилцлагад оруулаад авьяастай гэж үзсэн юм. Тэр жилийн хичээлийн шинэ жилийн нээлт дээр хамгийн наад талд зогсож байсан намайг үг хэл гэхэд “Би жинхэнэ ардын сэтгүүлч болно” гээд хэлчихсэн маань одоо ч манай ангийнхан хийгээд багш нарын минь дунд намайг явуулдаг үг болсон хэвээрээ бий….

Ингэж л би курс төгссөн сэтгүүлч болсон юм. Хүний амьдрал тааварлашгүй. Намайг ажил амьдралаа өөрөө зохицуулдаг болоод ирэхийн цагт сургуульд сурчих чинь яасан юм бэ гэх л байх. Ажил амьдралын гараанд ирээд би аав ээжээ асарч асрах ёстой болсон. Манай охин дүүгийн төлбөрийг олох гэж хөөрхий аав минь жил гаруй Солонгост ажил хийсэн. Аавыгаа солонгост хар ажил хийлгүүлж байхад сэтгэлдээ би үнэхээр гэмшсэн. “Айлын том байж аав ээжийгээ, зовоож дүү нараа ч өөд нь татаж чадахгүй байна даа “ гэж. Хөгшин настай эцгээ харийн оронд боолын хөдөлмөр эрхлүүлээд сууж байхдаа би үнэхээр шаналдаг байсан даа. Дахиж аав ээж хоёроороо ажил хийлгэхгүй дээ гэж зүтгэж эхэлсээн. Эхлээд аавыгаа Солонгосоос авчирсан. Манайхан байргүй учир энэ тэнд байр түрээслээд л олуулаа шамбааралдаад амьдардаг байлаа. Дүү нар эхнээсээ хүүхэд шуухадтай боллоо, би ч өөрөө хүүхэд гаргалаа. Гэвч бүгдээрээ байргүй түрээсийн байранд олуулаа. Баянхошуу, Толгойт, Орбит… очоогүй дүүрэг гэж байхгүй. Аав Солонгосоос жаахан мөнгөтэй ирснийг эрэгтэй дүү минь микро автобус аваад шугаманд явж аав ээжийгээ тэжээдэг баатар болсон байхгүй ээ мөнгө олсон ч юмгүй машинаа эвдээд дуусав аа. Бид эхээс 4 үүлээ, ганцхан эмэгтэй дүүгээ л сургуульд сургаж чадсан юм. Би гурван дүүгээ ажил амьдралын захад хүргэх гэж, аав ээжийгээ өтөл насанд нь өөрийн гэсэн байртай болгож амьдруулах гэж, хүүхдүүдээ өөр шигээ боловсролгүй амьтан болгохгүйн төлөө зүтгэсэн. Хүний том эгч том ачаа үүрдэг юм аа. Би эмээ өвөө дээрээ өссөн. Үеэл эгч нартайгаа хамт гэр хороололд амьдардаг байсан. Өвөө, эмээ хоёр минь өөд болохдоо эгч нараа харж хандаж яваарай гэж гэрээслэсэн юм. Олон өнчин хүүхэдтэй үлдсэн эгчийнхээ ядаж ганц хүүхдийнх нь ч нэг жилийн сургуулийн төлбөрийг төлчих юмсан гээд зүтгэж л явлаа. Анхны хүүгээ төрөхөд бид ядуу бас л байр хөлсөлдөг байлаа. Би тэгэхэд “Өдрийн сонин”-д ажилладаг байсан. Өдөр ажлаа хийчихээд шөнө өөр ямар нэг сонины бүтэн нүүрийг 5000 төгрөгөөр бичиж өгч халтуур хийж нэмэлт мөнгө олдог байлаа. Өдөр бүр солиод өмсөх хувцасгүй тул долоо хоног ганц жинсэн өмд ганц цамцтай явах үе надад байсаан. Өдрийн хоолны мөнгөгүй тул ганц бууз, эсвэл ганц мантуу авч идэх үе ч байсан. Би байртай болохыг мөрөөдөж байр амалсан газар очиж ажиллаад хулхидуулж л явлаа. Тиймээс би ажилчиддаа байр өгөхийг хүсдэг захирал болсон….Гэхдээ би чадсан юм. Карьерийн хайр найргүй өрсөлдөөнд ялж, амьдрал ахуйгаа ч өөд нь татсан. Урт хугацааны зээлийг яхийтэл төлж л явсан. Тиймээ, миний боловсрол эзэмшиж чадаагүй нь миний л буруу. АН -ын даргад өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлснээр намайг боловсрол эзэмшээгүй гэдгээр баалж байна. Аав ээжид минь буруу байхгүй. Тэд хичээсэн. Тэд хүүхдүүдээ сайхан өсгөсөн. Би л арчаагүйдээ , амьдралын аахар шаахар дарлалаас гарах гэж явсаар энэ хүрчээ. Намайг уучлаарай….

Би аль болохоор уншиж судалж, ард түмнийхээ дунд явж амьдрал ахуйг нь ойлгож, тэднийхээ төлөөлөл байж улс орноо өөд нь татах гаргалгааг олох гэж олон хүнтэй уулзаж, эрдэмтэн мэргэдийн үгийг сонсож, үүх түүхээ хичээн уншсаар л яваа. Энэ бол миний дадал юм. Би боловсролгүй гэдгээсээ ичдэггүй. Харин олигархуудтай хуйвалдаж бусдын боломжийг хулгайлж, үндэсний эрх ашгаа умартан харийг даган намирч, үнэт зүйл, үзэл бодлоо худалдахаас ичдэг. Би зорьсон зорилгоо ойлгодог, хүрэх газраа мэднэ. Монголын ард түмэн, эх орон, үндэснийхээ эрх ашгаас хэзээ ч урвахгүй. Харин урвагчдаас ичдэг. Надад мөнгөтэй өнгөтэй олон дайсан бий. Тэд өнөөдөр намайг сошиалд шарж идэхээр улайрч байна. Харин надад ард түмний , АН -ын эгэл жирийн гишүүдийн дэмжлэг буйг мэдэрдэг учраас ялах л болно. Учир нь би Говийн бүсээс сонгогдсон төрийн сүлдэнд тангараг өргөсөн Монгол төрийн түшээ шүү дээ

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээУлс төр

Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа

Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Төгрөг нуурын бүлэг ордын талбайд...

Мэдээ

Есдүгээр сард цаг агаар тогтворгүй, бороо, нойтон цастай байна

Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх есдүгээр сарын төлөвөөр агаарын дундаж температур ихэнх...

Мэдээ

Олег Басилашвили: Хэн нэгэн хүн ард түмнийг мал болгон хувиргахыг маш ихээр хүсэж дээ янз нь…

Олег Басилашвили: Хүмүүс шалиг завхай шоу тоглолт үзээд элгээ хөштөл инээж, утгагүй...

LiveМэдээ

🇲🇳🏆MongolZ “Esports World Cup 2025” тэмцээний аварга боллоо

🇲🇳🏆MongolZ “Esports World Cup 2025” тэмцээний аварга болж, 500 мянган ам.долларын шагнал...