УИХ-ЫН ГИШҮҮН С.ЦЭНГҮҮН: Одон медалийн эх орон
Энэ жилийн наадам өргөн дэлгэр сайхан болох шинжтэй. Нэг аймаг, 24 сумын 100 жил тохиож байна. Үүнээс өмнө хэлэхгүй бол болохгүй нэг асуудал байна. Энэ бол замбараагүй тараагдаж байгаа одон медалийн асуудал. Үнэхээр одон медаль тараагаад хөгждөг бол бүх хүнд медаль өгөхсөн.
Гэвч харамсалтай нь тийм биш юм.
Та бүхэнд цөөн тооны баримт, статистик хэлье.
Жилд улсын байгууллагаас олгож байгаа нийт шагналын тоо “Алдарт эхийн одон”-г тооцохгүйгээр 40,000 гаруй байна. Одоо энэ хэвээрээ одон, медаль шагнал тараавал 10-20 жилийн дотор МУ-ын насанд хүрсэн бүх хүн төрөөс ямар нэг шагнал бүгд авч дуусах төлөвтэй.
Монгол улсын 21 аймаг нийлээд жил бүр зөвхөн шагнал тараахад 1.5 тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулдаг.

ХХААХҮЯ улсын аварга малчин, хошой аварга малчин, тариаланч, тариаланч хамт олон, саальчин, фермерүүдэд жил бүр 1,7-2,4 тэрбум төгрөг зарцуулж байна.

2024 онд шинээр “Улсын аварга малчин” 195 төрсөн. Олимп хүртэл нэг л аваргатай байдаг биз дээ?
2024 онд Хөвсгөл аймаг “Аймгийн аварга малчин” 160-ыг шинээр төрүүлж, улсдаа тэргүүлсэн бол мөн “Аймгийн аварга саальчин” төрүүлсэн тоогоороо улсдаа бас л тэргүүлсэн.
2024 онд Баян-Өлгий аймаг шинээр “Аймгийн хошой аварга малчин” төрүүлсэн тоогоороо улсдаа тэргүүлсэн.
2024 онд улсын хэмжээнд “Аймгийн аварга малчин” шинээр 1029 төрсөн.
Боловсролын яам 2024 онд 7400 орчим шагнал, тэмдэг тараасан тоогоороо тэргүүлсэн бол ЭМЯ 4400-г тарааснаараа 2-т орж, бусад яамдуудаа манлайлжээ.
Манай улс дайнгүй мөртлөө БХЯ 2024 онд 2700 орчим цэргийн цол, одон, медаль, өргөмжлөл тараасан.
Би үүнд төрийн одон медаль авч байгаа иргэдийг буруутгахгүй. Харин төрийн бодлогыг шүүмжилж байна.
Дүгнэлт:
Одон медаль өвөртлөөд “Сайн хүний дүр”-ээр айл хэсэж, айраг ууж, наадам, цагаан сар тэмдэглэх нь сайд дарга нарын сонгуульд санал цуглуулах арга нь болсон юм байна. Учир нь сонгуулийн өмнөх болон сонгуулийн жилүүдэд төрийн шагнал, одон медаль өмнөхөөсөө хамаагүй олноор тараагддаг юм байна.
Ийм замбараагүй тарааж байгаа нь хууль, эрхзүйн зохицуулалтгүй байгаатай холбоотой. Ерөнхийлөгчийн 1999 оны 71-р зарлигийн хавсралтаар “МУ-ын цол хүртээх, одон медалиар шагнах журам” гэж байна. Үүнээс болоод ч тэр үү манай Ерөнхийлөгч зөвхөн медаль тараадаг хүн шиг болчихсон нь харамсалтай.
Зарим аймагт шагнал авсан хүн нь шагналаасаа ичээд тэмдгээ зүүхээ больж байна. Медаль угаах найр, наадам гээд бүр их санхүүгийн хүндрэлд ордог гэнэ.
Шийдэл:
Төрийн цол, одон медалийн тухай хууль гаргахаас өөр сонголт алга. Тиймээс би хуулийн төсөл санаачилъя гэж бодож байна.
Хууль нь дараах асуудлыг шийдвэрлэх зорилготой:
Одон, медалийн үнэ цэнийг өсгөх
Шагнал авч байгаа болон шагналд нэр дэвшигчдийн хүсэлт, хяналт, бүртгэлийг олон нийтэд шилэн, нээлттэй болгох
Шагналын нэр төрлийг тодорхой болгох
Жилд олгож байгаа шагналуудын төсөв, зардлыг хэмнэх гэх мэт. Намрын чуулганаар бусад гишүүдийн хамт хууль өргөн барихаар төлөвлөж байна.
Эцэст нь хэлэхэд Эрээнээс захиалсан 5000 төгрөгийн тэмдэг аваад төрийн хайр хишиг хүртэж байна гэж бодвол маш том эндүүрэл.
Орлого өсөж, амьдрал сайжирч байвал төрийн бодлого зөв байгаагийн илрэл.
Бид бүгдээрээ 30 жилийн өмнөх сонголтдоо үнэнч байцгаая. Учир нь бид зах зээлийн нийгмийг сонгосон. Төрдөө үнсүүлэх биш өөрсдөө хөдөлмөрлөж, бизнес эрхэлж, ашиг орлогоороо өөрөө өөрсдийнхөө амьдралыг сайжруулах боломж олгохыг төр, засгаасаа шаардъя.