Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.06.13)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг холбогдох Байнгын хороонд хуваарилсан талаар танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүнээс энэ сарын 10-ны өдөр, мөн 40 гишүүн энэ сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг Төрийн байгуулалтын Байнгын хороонд хуваарилсан байна.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан өөрийн санаачилсан Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар танилцууллаа. Тэрбээр хууль санаачлагчийн илтгэлдээ, 1998 онд анх батлагдаж, 2008 онд шинэчлэгдсэн тус хуульд тухайн үеийн нөхцөл байдал, хүн амын төвлөрөл багатай байршил зэргийг харгалзан хот байгуулалтыг ерөнхий төлөвлөлт, зураг төслийн түвшинд ерөнхий архитектурт төвлөрүүлэн шийдвэрлэх зохицуулалтыг хэрэгжүүлж ирсэн нь цаг үеийн шаардлага хангахаа больсон гэж үзсэнээ дурдсан юм. Үүний улмаас сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муудаж, нийгмийн үйлчилгээ, ногоон байгууламж зэрэг суурь дэд бүтцийн хангамж алдагдаж, иргэдийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгааг тэрбээр онцлон, энэ бүхний үр дагаварт хүүхдийн сурч боловсрох эрх хамгийн ихээр зөрчигдөж байгааг тэмдэглэв. Тухайлбал, 5200 өрх, 16 мянга орчим хүн амтай Алтай хотхон, сургуулийн насны 3500 хүүхэдтэй Эрин, Хархорин зэрэг хотхон, 2000 өрх, 5794 хүн ам, сургуулийн насны 2000, цэцэрлэгийн насны 1000 орчим хүүхэдтэй Кинг Тауер хотхонуудад нэг ч сургууль, цэцэрлэг барьж байгуулаагүйг нэрлэв. Ийм жишээ олон байгааг тэрбээр өгүүлж, Үндэсний статистикын хорооны мэдээлэлд дурдсанаар 1000 өрх тутамд 18 хүртэлх насны 2600 хүүхэд, 250 өрх тутам зургаа хүртэлх буюу цэцэрлэгийн насны 400 орчим хүүхэд ноогдож байгааг тооцож, хэсэгчилсэн хот төлөвлөлтийг боловсруулах, батлуулахдаа сургууль, цэцэрлэгийг өрхийн тоотой шууд уялдуулж, зайлшгүй тооцож байх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилго тавьснаа танилцуулав.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар явуулах санал хураалтыг дараагийн хуралдаанаар явуулахаар хойшлуулав. Нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, тэтгэврийн зээлийн өр, орлогын харьцааг 50/50 болгон шийдвэрлэсэн талаар мэдээлж, уг шийдвэрээс гарах үр дагаварыг судлан үзэх нь зүйтэйг дурдав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.