Эхлэл Мэдээ Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
МэдээУлс төр

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Хуваалцах
Хуваалцах

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.05.29)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойно “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай болон Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрээр хэрэгжүүлэх “Эрчим хүч-3 төсөл” бол Багануур-Чойр чиглэлийн 188 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг 220 кВ-ын хоёр хэлхээтэй болгох, Багануурын болон Чойрын дэд станцуудыг өргөтгөх ажил юм. Уг зээлийн хэлэлцээрийг Улсын Их Хурлын Эдийн засгийн, Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод энэ оны нэгдүгээр сард тус бүр хэлэлцэн дэмжсэний дагуу хоёрдугаар сарын 05-нд гарын үсэг зурсан бөгөөд төсөл “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн зорилтуудтай нийцэж байгаа гэдгийг Сангийн сайд илтгэлдээ дурдав.“Эрчим хүч-3 төсөл”-д зориулан Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 47.0 сая ам.долларын зээл нь 30 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй, баталгаат овернайт санхүүжилтийн хувьсах хүү /СОФР/ дээр 1.44 хувийн нэмэгдэл бүхий хүүтэй юм. Мөн тус банк үйлчилгээний шимтгэлд зээлийн дүнгийн 0.25 хувийг авах ажээ. Төсөл 2025-2029 онд буюу таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд төслийн нэгжийн 840.0 мянган ам.долларын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр тооцсон байна. Мөн Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу зээлийн хөрөнгийг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр дамжуулан зээлдүүлэхээр төлөвлөжээ.

Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Х.Жангабыл, Л.Энхнасан, С.Эрдэнэболд, Д.Ганбат нар төслийг дотоодын аж ахуйн нэгжтэй хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжийг судалсан эсэх, Өмнөговь аймгийн Гурвантэс сум БНХАУ-аас цахилгаан эрчим хүч авч байгааг болиулж, аймгийн төвтэй холбог боломж бий эсэх, төслийн танилцуулгад буй алдаатай агуулгыг засах, Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн агаарын шугам ашиглалтад орох хугацаа, Багануур-Чойрын шугамын алдагдлын хувь, тооцоо, төсөл хэрэгжсэнээр алдагдлын хэмжээ буурах эсэх, трансформатор, цахилгаан сатнцын тоноглолууд чанарын шаардлага хангаж байгаа эсэх, цаашид нарны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай чиглэлийн цахилгаан дамжуулах шугам барьж эхлэх хугацаа, өмнө авч байсан бусад зээлийн нөхцөл, шаардлагын ялгаа, Засгийн газрын өрийн тогтвортой байдлыг хангасан эсэх, эргэн төлөх хугацаанд хүү нэмэгдэх, өөрчлөлт орох эрсдэл бий эсэх, дотоодын аж ахунй нэгжээр төслийг хэрэгжүүлэх боломжтой эсэх, эрчим хүчний бие даасан байдал, үндэсний аюулгүй байдлын хүрээнд хэрэгцүүлэх цуврал төсөл, бие даасан байдлыг бүрэн хангах талаарх зураглал, төлөвлөгөө бий эсэхийг, мөн 10 аймагт дулааны цахилгаан станц барих төслийн явц, хэрэгжилт, үр дүн, хариуцлагын талаар асуулт асууж, хариулт авсан байна. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Дараа нь Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал хийлээ. Тус Байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулахдаа Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэх нэр томьёог Эрүүгийн хуулийн бусад зүйл, хэсэг дэх нэр, томьёотой жигдлэх, төслийн нэгдүгээр зүйл буюу 20.18, 20.19 дүгээр зүйлтэй холбогдуулан зарим найруулгын саналаар дахин санал хураах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3 нь дэмжсэн байна. Улмаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед санал хурааж олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусган, хуулийн төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллын жигдлэн, хууль зүйн техникийн засваруудыг хийж эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа, О.Номинчимэг нар цахим мөрийтэй тоглоомын хохирлын хэмжээ, олон нийтэд ил болгосон баримтууд, мөн цахим мөрийтэй тоглоомыг хориглох техникийн боломж, хууль бус гүйлгээг эргүүлэн татах бололцоо, хуулийг бүрэн хэрэгжүүлэх боломж нөхцөл бий эсэх талаар асууж, хууль боловсруулах техник шаардлагыг хангаж ажиллахыг зөвлөв.Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналаар санал хураалт явууллаа. Зарчмын зөрүүтэй саналуудыг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

Суурьшлын бүсээс тарвагануудыг шилжүүлэн нутагшууллаа

Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор монгол тарваганы (Marmota sibirica) тархац нутаг хумигдаж, улмаар...

МэдээУлс төр

Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 59289 иргэн гарын үсэг зураад байна

Монгол Улсын Их Хуралд хаягласан өргөдөл Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөл Монгол...

МэдээУлс төр

МОНГОЛ, ОРОС, ХЯТАД УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гадаад харилцааны дэд сайдын түвшний VI уулзалт 2025...