Эхлэл Мэдээ “Өсвөрийн парламент-2024″ хөтөлбөрийн нэгдсэн хуралдаан болж, УИХ-д хүргүүлэх тогтоолын төслөө баталлаа
МэдээУлс төр

“Өсвөрийн парламент-2024″ хөтөлбөрийн нэгдсэн хуралдаан болж, УИХ-д хүргүүлэх тогтоолын төслөө баталлаа

Хуваалцах
Хуваалцах

Улсын Их Хурал, УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, Монголын скаутын холбоо хамтран 2021 оноос хойш үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2024” хөтөлбөрийн өсвөрийн парламентын нэгдсэн хуралдаан өнөөдөр (2025.05.24) Төрийн ордонд боллоо. “Өсвөр үе-Эрүүл мэнд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй энэ удаагийн хөтөлбөрт 800 гаруй хүүхдээс шалгарсан 126 сурагч оролцож байна. 2024 оны өсвөрийн парламентын оролцогчдын 45 нь эрэгтэй, 81 нь эмэгтэй бол 12 нь есдүгээр ангийн, 36 нь аравдугаар ангийн, 78 нь 11 дүгээр ангийн сурагч байгаа юм.

“Өсвөрийн парламент-2024” хөтөлбөр зургаан сарын турш үргэлжилж, 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл болсон оролцогчид “Өсвөр үе-Эрүүл мэнд” сэдвийн хүрээнд сурч мэдсэн бүхнээрээ дүүрэг, аймаг, сумандаа нөлөөллийн ажлуудыг хийсэн.Энэ удаагийн өсвөрийн парламент нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хууль зүй, төрийн байгуулалтын байнгын хороо, Нийгэм, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Төсөв, эдийн засгийн байнгын хороотойгоор “Өсвөр үе-Эрүүл мэнд” сэдвийн хүрээнд тус бүрдээ хэлэлцүүлэг өрнүүлжээ. Ийнхүү Байнгын хороодын хуралдаанаас гаргасан саналуудаа нэгтгэн “Өсвөрийн парламент-2024” өсвөрийн парламентын нэгдсэн хуралдааны тогтоолын төслийг боловсруулсан байна. Нэгдсэн хуралдаанаар энэхүү төслөө хэлэлцэн, баталлаа. Өсвөрийн парламентын өнөөдрийн нэгдсэн хуралдааныг “Өсвөрийн парламент-2024” хөтөлбөрийн дарга, Увс аймгийн оролцогч Л.Эрхэмбаяр болон Хан-Уул дүүргээс оролцогч, дэд дарга С.Сономдулам нар удирдав.“Өсвөрийн парламент-2024” өсвөрийн парламентын нэгдсэн хуралдааны тогтоолын төсөлд таван асуудлыг тусгасан бөгөөд заалт бүрийг дэлгэрэнгүй танилцуулж, тухайн заалтад тусгах саналаа оролцогчид илэрхийлж байв.Хөтөлбөрийн энэ удаагийн оролцогчид нэн тэргүүнд ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад эрүүл хоол хүнсээр үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх нь чухал хэмээн үзэж, төслийн 1 дүгээр заалт болгон томьёолжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн оролцогч А.Түвшинбаяр сургууль бүр орчиндоо хүнсний ногоогоо зохих хэмжээгээр тарьж, үдийн цайндаа хэрэглэхийн сацуу эрүүл мэнд, хими, биологийн хичээлийн дадлагыг хийх нөхцөл бүрдүүлэх саналыг гаргав. Чингэлтэй дүүргийн оролцогч Б.Намуун-Эрдэнэ үдийн цайны цагийг уртасгаж 20-30 минут болгох санал хэллээ.

Хуралдааны төгсгөлд электрон тамхийг хязгаарлах тухай болон парламентын боловсролыг хүүхдүүд, өсвөр үеийнхэнд таниулах мэдээллээр хангахтай холбоотой асуудлуудыг хэлэлцэж, “Өсвөрийн парламент-2024” өсвөрийн парламентын нэгдсэн хуралдааны тогтоолын төслийг баталлаа.

Энэхүү тогтоолоо хууль тогтоох дээд байгууллагад хүргүүлэхээр Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад гардуулна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах