Эхлэл Гадаад Кардинал Роберт Превост Пап ламаар сонгогдлоо
ГадаадМэдээ

Кардинал Роберт Превост Пап ламаар сонгогдлоо

Хуваалцах
Хуваалцах

Кардинал Роберт Превост Пап ламаар сонгогдож, Лев XIV хэмээх нэрээр танигдана. Тэрээр Гэгээн Петрийн сүмийн тагтан дээрээс олон арван мянган итгэлтнүүдийн өмнө Пап ламын хувиар анхны үгээ хэлж, энх тайвныг уриалан, Пап Францист хүндэтгэл үзүүллээ.

Шинэ Папын талаар: 69 настай Лев XIV нь АНУ-ын Чикаго хотоос гаралтай. Тэрээр олон улсын туршлагатай удирдагч бөгөөд ажлын ихэнх хугацааг Өмнөд Америкт номлогчоор ажилласан. АНУ болон Перу улсын давхар иргэншилтэй тэрээр Перуд хамба ламын албыг хашиж байв. Сүүлд тэрээр Ватиканд хамба лам томилох асуудал хариуцсан нөлөө бүхий байгууллагыг удирдаж байжээ. Түүнийг Пап Францисын шинэчлэлийг үргэлжлүүлнэ гэж хүлээж байна.



Пап Лев XIV (Роберт Франсис Превост) — АНУ-аас төрсөн анхны Пап ламын намтар

Католик Сүмийн 267 дахь тэргүүнээр сонгогдсон Пап Лев XIV нь Пап Францисын дараа Америк тивээс тодорсон хоёр дахь Ромын Пап болж байна. Гэхдээ тэрбээр өмнөх Пап шиг Өмнөд Америкаас биш, Хойд Америкийн Чикаго хотоос гаралтай юм.

Августинчуудын анхны Пап

Пап Лев XIV буюу Роберт Франсис Превост 1955 оны 9-р сарын 14-нд АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хотод төржээ. Түүний аав Луис Мариус Превост нь франц-итал гаралтай, харин ээж Милдред Мартинес нь испани гаралтай байв. Тэрээр хоёр эрэгтэй дүүтэй — Луис Мартин, Жон Жозеф.

Тэр бага нас, өсвөр насны амьдралаа гэр бүлийн хамт өнгөрүүлж, Августин эцэг нарын бага семинарт, дараа нь Пеннсильвани мужийн Вилланова их сургуульд суралцаж, 1977 онд математик болон философийн чиглэлээр төгсжээ.

1977 оны 9-р сарын 1-нд Августинчуудын ордонд (OSA) элсэж, 1978 оны 9-р сарын 2-нд анхны тангараг, 1981 оны 8-р сарын 29-нд бүрэн тангаргаа өргөсөн байна.

Тэрээр теологийн боловсролоо Чикагод байрлах Католик Теологийн Холбоонд авсан ба дараа нь Ромд байрлах Гэгээн Томасын Папын Их Сургуульд Каноны хуулиар үргэлжлүүлэн суралцжээ. 1982 оны 6-р сарын 19-нд Ром дахь Гэгээн Моникагийн Августин коллежид хамба лам Жан Жадотын гараар тахилчийн хирийг хүртсэн.

1984 онд магистрын зэрэг хамгаалж, дараа жил нь Перу улсын Чулуканаст Августинчуудын номлогчоор томилогдсон. 1987 онд “Августинчуудын дотоод захирагчийн үүрэг” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ.

Перу дахь номлогчийн алба

1988 оноос эхлэн Перугийн Трухильо хотод үйл ажиллагаагаа явуулж, Августинчуудын хамтарсан сургалтын хөтөлбөр удирдах зэрэг олон албыг 11 жилийн турш хашсан. Мөн Трухильогийн архидьяцын шүүхийн шүүгч, каноны эрх зүйн багш, ёс суртахууны теологийн профессор, санваартны бэлтгэл багш зэрэг үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд тэрээр ядуу хороололд байрлах хоёр сүмийн засаглагчаар ч ажиллажээ.

1999 онд Августинчуудын “Сайн Зөвлөмжийн Эх” салбарын удирдагчаар сонгогдож, 2001 онд Ордэний Ерөнхий Чуулганаар дэлхийн Августинчуудын Ерөнхий Удирдагчаар (Prior General) сонгогдож, 2007 онд хоёр дахь удаагаа батлагдсан байна.

Бишопын алба, Ватиканд ажилласан он жилүүд

2013 онд Чикаго дахь Августинчууддаа эргэн ирж, орлогч, сургалт хариуцсан захирал зэрэг үүрэг гүйцэтгээд, 2014 оны 11-р сарын 3-нд Пап Францис түүнийг Перугийн Чиклайо епархийн апостол захирагчаар томилж, епископын зиндаанд өргөмжилжээ. Тэрбээр 2014 оны 12-р сарын 12-нд Гэгээн Марийн сүмд Есүсийн Эх Бурхны баярын өдөр епископоор өргөмжлөгдсөн юм.

Түүний епископын уриа нь Августин гэгээнтний эшлэл дээр үндэслэсэн: “In Illo uno unum” буюу “Бид олон ч, Нэгэн Христ дотор нэг юм.”



Чиклайогийн бишоп (2015–2023)
2015 оны 9-р сарын 26-нд Пап Францис Роберт Франсис Превостыг Перу улсын Чиклайо хотын бишопоор томилсон. Тэрбээр 2018 оны 3-р сард Перугийн Епископын бага хурлын хоёрдугаар дэд ерөнхийлөгчөөр сонгогдож, Эдийн засгийн зөвлөлд гишүүн, Соёл ба Боловсролын комиссын ерөнхийлөгчөөр ажиллажээ.

2019 оны 7-р сарын 13-нд Пап Францис түүнийг Сүмийн Гэлэнгийн Хэрэг эрхэлсэн Хороо (Congregation for the Clergy)-ны гишүүнээр, 2020 оны 11-р сарын 21-нд Епископын Хороо (Congregation for Bishops)-ны гишүүнээр томилсон. Үүний зэрэгцээ, 2020 оны 4-р сарын 15-нд тэрбээр Перугийн Кайоо епархийн Апостол захирагчаар давхар томилогджээ.
2023 оны 1-р сарын 30-нд Пап Францис түүнийг Ромд дуудаж, Епископын Дикастери (Dicastery for Bishops)-ийн Префект болон Латин Америкийн Папын Комиссын Ерөнхийлөгчөөр томилсон бөгөөд энэ үеэр Архибишопын цол олгожээ.

2024 онд Кардинал болж дэвшив


2024 оны 9-р сарын 30-нд Пап Францис түүнийг Кардиналаар өргөмжилж, Гэгээн Моникагийн диакони орд харьяалж өгсөн. Тэрбээр 2024 оны 1-р сарын 28-нд энэхүү титмийнхээ эзэн болжээ.

Епископын Дикастерийн тэргүүний хувьд тэрээр Папын сүүлийн Апостол аяллуудад оролцож, 2023 оны 10-р сарын 4–29, 2024 оны 10-р сарын 2–27-ны хооронд болсон Епископын Синодын хоёр үе шаттай чуулганд идэвхтэй оролцсон байна.

2023 оны 10-р сарын 4-нд Пап Францис түүнийг дараах Ватиканы байгууллагуудын гишүүнээр томилжээ:

  • Сайн мэдээг түгээх Дикастери (анхны номлол ба шинэ сүмүүдийн хэсэг),
  • Итгэл номын Дикастери,
  • Зүүн Сүмүүдийн Дикастери,
  • Гэлэнгийн хэрэг хариуцсан Дикастери,
  • Гэлэн амьдрал болон Элчийн нийгэмлэгүүдийн Дикастери,
  • Соёл, Боловсролын Дикастери,
  • Хуулийн бичиг баримтын Дикастери,
  • Ватикан хотын Папын комисс.

2025 онд шинэ цол хүртэв
2025 оны 2-р сарын 6-нд Пап Францис түүнийг Епископын эрэмбийн дээд зэрэглэлд өргөмжлөн, Альбано хэмээх захын сүмийн эрхийг хүлээлгэн өгчээ.

Хэдхэн хоногийн дараа буюу 2-р сарын 9-нд тэрбээр Гэгээн Петрийн талбайд Пап Францисын тэргүүлсэн Зэвсэгт хүчний Иубилейн баярын хоёр дахь том үйл ажиллагаан дээр тахилчийн мөргөл удирдан явуулсан байна.

Мөн 3-р сарын 3-нд Пап Францисын өвчний улмаас “Жемелли” эмнэлэгт хэвтэж байх үеэр Гэгээн Петрийн талбайд түүний эрүүл мэндийн төлөө залбирал удирдан авч явсан.


Эх сурвалж: Vatican news, CNN, BBC

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээӨв соёл

Австралийн “Magic Millions” компанитай морин спортын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны дэд Ерөнхийлөгч Э.Бат-Эрдэний урилгаар Австралийн морин уралдааны...

Мэдээ

Амралтын өдрүүдээр дулаарч, зарим нутгаар 32 хэм хүрнэ

Маргааш, нөгөөдөр /5-р сарын 10, 11/ ихэнх нутгаар дулаарах бөгөөд Орхон-Сэлэнгийн сав...

Мэдээ

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1550 боллоо

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм....

ГадаадМэдээ

Билл Гэйтс 2045 он гэхэд ихэнх хөрөнгөө буяны үйлсэд хандивлана

Майкрософт компанийн хамтран үүсгэн байгуулагч Билл Гэйтс 2045 он гэхэд 200 тэрбум...