Эхлэл Мэдээ ЭЗБХ: Хэлэлцээрийн төслүүдийн талаарх санал, дүгнэлтүүдээ АБГББХ-нд хүргүүлэхээр боллоо
МэдээУлс төр

ЭЗБХ: Хэлэлцээрийн төслүүдийн талаарх санал, дүгнэлтүүдээ АБГББХ-нд хүргүүлэхээр боллоо

Хуваалцах
Хуваалцах

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлэхээр тогтовУлсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.22) хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд даргаллаа. Хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Байнгын хорооны 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авсан юм. Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэлцэж буй асуудлаарх бүлгийнхээ байр суурийг илэрхийлж, завсарлага дууссан болохыг мэдэгдэв. Өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явууллаа. Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 15 гишүүний 11 нь дэмжсэнгүй. Иймд энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.Хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээДараа нь Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулав.

Монгол Улс 2024 онд 162 оронтой худалдаа хийсэн, гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.4 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь түүхэн дээд амжилт бөгөөд экспорт 15.8 тэрбум ам.доллар, импорт 11.6 тэрбум ам.доллар болсон байна. Улмаар гадаад худалдааны тэнцэл 4.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Экспортын орлогын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн дангаараа бүрдүүлдэг нь манай улсын эдийн засгийн эмзэг цэг хэмээн Л.Гантөмөр сайд тэмдэглээд эдийн засгийг төрөлжүүлэх шаардлагатай гэлээ. Эдийн засгийг төрөлжүүлэх хүрээнд уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл, төрлийг нэмэгдүүлж, экспортын зах зээлийг тэлэх, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр бодит ажлуудыг хийх хэрэгцээ маш өндөр байгаа хэмээн тэрбээр танилцуулгадаа дурдсан. Эдийн засгийг солонгоруулах, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, зах зээлтэй болох талаар Улсын Их Хурал, Засгийн газар, эдийн засгийн салбарын оролцогчид олон жил ярьж, зүтгэснийг хэлж байв. “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “бүс нутгийн эдийн засгийн интергацад нэгдэх”, “хөрш орнуудтайгаа чөлөөт худалдааны хэлэлцээр хийх”, ялангуяа “Евразийн эдийн засгийн холбоотой 2030 он хүртэл чөлөөт худалдааны хэлэлцээр хийнэ” гэсэн зорилтуудыг тусгаж, үүнээсээ улбаалан дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр болгон хэрэгжүүлж байгааг хэллээ. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт холбогдох зорилтууд туссан байдаг.

Нийт экспортын 91.2 хувь, түүнээс уул уурхайн бүтээгдэхүүний 94.7 хувийг, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний 82.7 хувийг зөвхөн БНХАУ-д экспортолдог. Гадаад худалдаа ийм хэлбэрээр хэт хамааралтай буюу нэг туйлтай болсноос үүдэх эрсдэлийг бүх түвшиндээ цар тахлын үеэр хил хаагдахад нийтээрээ ойлгож, мэдэрсэн гэдгийг сайд дурдсан. Энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх түвшин гэдгийг тоо баримт илтгэж байгааг Л.Гантөмөр сайд хуралдаанд танилцуулав.Эдийн засгийн болон худалдааны тэнцвэрийг бий болгох нь Монгол Улсын хувьд чухал хэмээгээд “Өөрөөр хэлбэл, нэг улс болон цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээс хамааралтай байгаа эдийн засгийн бүтцийг өөрчилж, олон худалдан авагчтай өргөн хүрээний бараа нийлүүлэх тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлага бий болсон байна. Үүн дээр бид шийдвэр гаргаж чаддаггүй. Өнөөдрийг хүртэл манай хөрш орнууд ийм боломжийг бидэнд олгоогүй. Засгийн газар асуудлаа олон удаа тавьдаг, хөрш орнууд шийдвэр гаргаагүй. Өнгөрсөн оны 9 дүгээр сараас уг асуудлаар ярилцаж, шийдвэр гарсан” хэмээлээ.Хоёр удаагийн зөвлөлдөх уулзалт, гурван шатны хэлэлцээг зохион байгуулжээ. Мөн тус хэлэлцээрийг байгуулах асуудал болон хэлэлцээрийн явцыг Засгийн газрын хуралдаанд зургаан удаа танилцуулж, гадаад худалдаа эрхлэгч, бизнес эрхлэгчдийн дунд дөрвөн удаа нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.Монгол Улс болон Евразийн Эдийн Засгийн Холбоо, түүний гишүүн орнууд хооронд худалдааны түр хэлэлцээр байгуулах тухай албан ёсны яриа хэлэлцээг 2023 оны 09 дүгээр сараас эхлүүлэхдээ өргөн хүрээний чөлөөт худалдааны хэлэлцээ биш, тодорхой хүрээний богино хугацааны хэлэлцээ хийх саналыг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон бусад газраас гаргасан болохыг танилцууллаа. “Ямар бараан дээр хэлэлцээр хийх жагсаалтыг Эдийн засаг, хөгжлийн яам бие дааж гаргадаггүй. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим тухайн үед 375 нэр төрлийн барааг экспортолно гэдэг санал өгснийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам эцэслэсэн байдаг” хэмээн Л.Гантөмөр сайд тодотгосон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, Ж.Ганбаатар, Б.Найдалаа, О.Цогтгэрэл, Ж.Алдаржавхлан, Б.Жаргалан, П.Сайнзориг, Д.Энхтүвшин, Ө.Шижир, Р.Батболд нар асуулт асууж, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авсан юм. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, О.Цогтгэрэл, Б.Жаргалан, П.Сайнзориг, Ч.Лодойсамбуу, М.Бадамсүрэн нар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан үг хэлсэн. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 12 нь хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд хийсэн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан нар асуулт асууж, төсөл санаачлагч Э.Батшугар гишүүнээс хариулт, тайлбар авсан юм.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, холбогдох санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН УРГАЛТ НИЙТ НУТГИЙН 10 ОРЧИМ ХУВЬД ЦУХУЙГААГҮЙ БАЙНА

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 10 орчим...

МэдээНийгэм

10-14 насныхан улаанбурханы халдвараар илүүтэй өвчилж байна

Улаанбурханы лабораториор батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар өссөн дүнгээр 1296, эдгэрсэн тохиолдол 868,...

Мэдээ

АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 158 УДААГИЙН ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.04.28-05.04/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 39...