”ERDENET CUP-2025″ уралдааны комисс хуралджээ. Тус уралдаан нь “Эрдэнэт-Хүлэг” МСУХ-ны 30 жилийн ой, уралдаанч хүүхдүүдийн эрхийг хамгаалах жилийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм байна. Энэхүү уралдаанд уралдаж амжилт үзүүлсэн тохиолдолд 2025 оны Шилдэг уяачид, уралдаанч хүүхдүүдийн амжилт, аймгийн алдарт уяачийн амжилтад тооцно. Засаг даргын захирамжтай аймгийн бүсийн уралдаан юм. Уг уралдааны тоо бүртгэлээс үл хамаарч уралдаан зохион байгуулагдаж, бай шагнал хэвээр олгогдох юм байна. Тус уралдаанд шүдлэн насны морьдын уралдааныг даагатай адилхан бай шагнал буюу түрүүлсэн адуунд цом, “Портер” автомашин бусад шагнал өгнө.
Харин аман хүзүүнд давхисан моринд мотоцикл, мөнгөн болон бусад шагнал өгөх бол 3, 4, 5-аар давхисан моридод мотоцикл, мөнгөн болон бусад шагнал 6-д ирсэн даага, шүдлэнд мөнгөн шагнал хурдан удмын дааганууд гардуулна.
7-10-д давхисан морьдод мөнгөн шагнал, мөн баян ходоодын даагыг шагнаж, цоллох ажээ. Мөн эр охин, эрлийз, Монгол хамаарахгүй уралдана. Түрүүлж, айрагдсан уралдаанч хүүхдүүдэд гарын бэлэг, унадаг дугуй гардуулна. Үүгээр зогсохгүй Орхон аймгаас төрөн гарсан Улсын алдар цолтой уяачдадаа хүндэтгэл үзүүлэхээр болжээ. Мөн бүртгүүлсэн морьдын уралдаанч хүүхдүүдэд гарын бэлэг нэгдсэн байдлаар гардуулна. Бүртгүүлсэн нийт уяачдынхаа дунд зохион байгуулагч “Эрдэнэтийн унага” гал уяаны тэргүүн ААУ Батсайханы Тэгшбаярын үржүүлж байгаа адуун сүргээс хурдан удмын даага сугалуулах сугалаа явуулна. Уралдааны бүртгэлийн хугацаа сунгахгүй бөгөөд зөвхөн зургаар баталгаажуулж бүртгүүлсэн адууг уралдуулна.
Тус уралдааны үеэр ”Эрдэнэтийн унага” удамт адууны үзэсгэлэн худалдааг зохион байгуулна. Энэхүү үзэсгэлэн худалдаагаар уяачид улс болон бүсийн уралдаан, аймгийн наадамд айрагдаж, түрүүлж байсан адууны удамтай эр адуу, мөн хурдан удмын охин адуу бол үржилд оруулаад хурдан адуу төрөхүйц удам угшил сайн адууг 1 адууны 100.000 төгрөгийн хураамжтай зохион байгуулна. Уяачид энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцохыг хүсвэл зохион байгуулагчдад бүртгүүлж, уралдааны өдөр адуугаа авч ирж танилцуулгад оруулж өөрийн тогтоосон үнээр худалдана. /Дуудлага худалдаанд оролцох адууны тоо хязгаартай 15-20 адуу/. Мөн уралдааны үеэр эмээл, хазаар, ташуур, морины эдлэл хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана. Үүгээр зогсохгүй хурдан морины тэжээл, эм, бэлдмэлийн үзэсгэлэн худалдаатай. Орхон аймгийн эрхэм уяачид та бүхэн болон Монгол эх орны өнцөг булан бүрт хурц хурдан хүлгээ уяж байгаа уяачид та бүхэн даага, шүдлэнгээ бүртгүүлж “Эрдэнэт кап-2025” уралдаанд идэвхитэй оролцохыг уриалж байна.
Зохион байгуулагч: Батсайханы Тэгшбаяр тэргүүнтэй Орхон аймгийн “Эрдэнэтийн Унага” гал, хамтран зохион байгуулагч Орхон аймаг “Эрдэнэт Хүлэг” МСУХолбоо Орхон аймгийн уяачдын галууд хамтран дэмжиж оролцоно.
А.Доржханд