Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл 2020 оны шилдгүүдээ шалгарууллаа. “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, www.dnn.mn сайтын Орлогч захирал Д.Гансаруул “СОНИНЫ ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ”-ээр шалгарлаа. Таван нийтлэлийг нь онцолж нэрлэсний хоёр нь өмнөд монголчуудын хэл бичгийн эрхтэй холбоотой байна. Эрхэм авьяас билигт, эрч хүчтэй, зоригтой шударга дүүдээ баяр баярын дээдийг хүргэе.
Яруу найрагч Д.Гансаруул 7-р сард яруу найрагчдын челленжид нэгдэж, өмнөд монголчуудаа өмгөөлөн, хэл соёлоо дээдэлсэн найраг шүлгээ уншсан бичлэгээ түгээж байсан. Удалгүй түүний хийсэн, өмнөд монголчуудаа өмгөөлсөн ярилцлага, сурвалжлагууд хөвөрч гарсан билээ. 9-р сарын 2-ны өдөр. Өмнөд монголчуудаа өмгөөлсөн өмнөх цуглааныг хийлгэлгүй ЭСЯ-ны өмнөөс хөөгөөд явуулчихсан, цагдаа нар сэрэмж авчихсан байлаа. Монгол дахь өмнөд монголчууд жагсана гээд цуглаж байтал сэргэлэн нүдтэй, сэвхийсэн алхаатай залуухан бүсгүй урам зоригтой инээмсэглэн ирж сурвалжлага юугаан хийж эхэлсэн нь биднийг барьж аваад албадан гаргачих вий гэж басхүү түгшсэн хүмүүст итгэл төрүүлж байж билээ. Тэр бүсгүй Гансаруул байлаа. Зүгээр нэг сурвалжлалгүй, сэтгэл гарган лайв хийсэн. Шаггүй хүйтэн өдөр байсан агаад, гараа дааруулж бээрүүлэн байж хэдэн цаг лайв хийсэн билээ л. Өмнөд монголчуудынхаа төлөө гэсэн зүтгэлийг нь үнэлж харсанд баяснам.
МСНЭ хятадуудын атганд орлоо, худалдагдлаа гээд л хэл ам багагүй гардаг байсныг хэлүүлэлтгүй хэн ч мэднэ. Гэтэл өмнөд монголчуудаа өмгөөлсөн бүтээлүүдийг дурдан шагналаа гардуулсан нь өөр бодлыг өөрийн эрхгүй төрүүллээ. Тусгаар улсын дөрөв дэхь засаглалын байгууллага зөв замдаа орж байна уу даа гэж бодогдууллаа. Сайн цаг ирэх болтугай.
Ч.Мөнхбаяр