Эхлэл Мэдээ Хатны нутгаас “Хадын оройгоор” дуу сонсогдоно
МэдээӨв соёл

Хатны нутгаас “Хадын оройгоор” дуу сонсогдоно

Хуваалцах
Хуваалцах

Хэлмэгдэл хэмээх хар сүүдэр олон мянган гэмгүй иргэдийг хар шуургандаа хаман оджээ. Тэр олон гэмгүй хүмүүсийн ар гэр хичнээн их сэтгэлийн шаналал амсаж хичнээн үрс эцэг эхээ санан нулимс унаган хүлээгээ бол. С.Эрдэнэ баавайн “Хойд насандаа учирна“ зохиолд аавыгаа хүлээх хоёр бяцхан хөвүүн уяан дээр буух хүн болгоныг ааваа хэмээн уралдан гүйж буй тухай гардаг. Тэр хар шуурганы нэгэн золиос болон цэл залуугаараа хэлмэгдсэн нэгэн бол Наваанлувсангийн Гэнэнпил гэдэг бүсгүй. Богдын сүүлчийн хатан хэмээгдсэнийхээ төлөө хилс хэлмэгдсэн. Дөрвөн хүүхдийн ээж түүнийг таван сартай жирэмсэн байхад нь гэрээс нь баривчлан Өндөрхааны шоронд авчирч сар гаруй хорьж, эцэст нь буудан хороожээ. Энэ хүний тухай баримт сэлт ховор. Богдын сүүлчийн хатны зураг гэж зарим ном хэвлэлд гараад байгаа зураг ч эргэлзээтэй аж. Үндэсний архивын кино эрхлэгч Сугарсүрэн “Гэнэнпил хатны зураг мөн эсэх гэдэг өнөөг хүртэл эргэлзээтэй байдаг. Торгон дээлтэй, эхнэр хүний толгойн гоёлтой эмэгтэйн зургийг мөн хэмээн үзэж саяхан гарсан үзэсгэлэнд тавьсан ч түүх судлаачид зураг нь биш гэж үзэж буцаасан байсан. Харин “Хааны сүүлчийн хатан” кинонд гол дүрд тоглосон гавьяат жүжигчин Д.Батцэцэг эгчийг тус киноны зураач зурахдаа эрээн дээлтэй булган малгайтай, гартаа алчуур барьчихсан, хурган нударгатай дээл, монгол эмэгтэйн гоёл зүүсгэлтэй залуухан эмэгтэйг харж зурж байсан” хэмээн ярилаа. Үндэсний архивын газраас Богд хааны ойд зориулсан үзэсгэлэнг сонирхов. Үзэсгэлэнд Богд хааны хийсэн гэрээ хэлэлцээр гэх монгол бичгээр бичсэн баримтууд байх бөгөөд гэрэл зургууд ч бас багтжээ. Богд хааны Дондогдулам хатан хоёрынхоос гадна Гэнэнпил хатан хэмээн тавьсан зураг ч байв.

Гэхдээ “Гэнэнпил хатантай хэмээх” тайлбартай зураг дээр нь хижээл насны, монгол эхнэр дээлтэй эмэгтэй байх юм. Энэ зургийг харахаар дөнгөж 18 настай Богдод өргөгдөж ирээд жил гаруй болоод Богдын зарлигаар төрсөн нутаг руугаа буцсан залуухан хатан яавч биш санагдана. Сүүлчийн хатны зургийн эрлээ Богд хааны ордон музейгээр орж үргэлжлүүлэв. Эрдэм шинжилгээний ажилтан Мягмар, болон Гэнэнпил хатны тухай баримт нийтлэл бичсэн Ц.Гүнчин-Иш нартай уулзахад “Гэнэнпил хатны судалгаа маш цөөхөн хийгдсэн байдаг. Ордонд ирээд хоёр жил болоод буцсан. Зургийн тухайд бол хурган дотортой дээлтэй эмэгтэйг мөн гэж илүүтэй таамагладаг” гэдгийг хэлсэн юм. Монголын сүүлчийн хатан Гэнэнпил гэж хэн байв? Хэнтий аймгийн арван жилийн дунд сургуульд түүхийн хичээл дээр багш нь Гэнэнпил хатны төрөлх сум Дадалын хүүхдүүдээс “Монголын сүүлчийн хатан манай аймгийн хүн. Хэн гэдэг хүн байсан бэ” гэж асуухад мэдэх сурагч байгаагүй гэдэг. Түүхчид судлаачид бага судласан, шинэ үеийнхний хувьд танихгүй хүн болсон Гэнэнпил хатан гэж чухам хэн байв. Улс төрийн талаар хэлмэгдэгдийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах, ажилтан Х.Мөнхбаярын бичсэн ”Сүүлчийн хатантны нулимсыг арчиж өгөхсөн” нийтлэл, судлаач Х.Мэндсайханы ”Богдын ордон музей“ номд бичигдсэнийг уншиж харьцуулан нягталж үзвэл доорх зүйлийг бичсэн байна.

1923 онд Улсын Эх дагина Дондогдулам тэнгэрт хальж улс даяар уй гашууд дарагдаж түүний чандрыг хайлж хатны шарилыг тээж хүргэсэн есөн цагаан морийг тэнд нь сэтэрлэн тавьсан байна. Богд хаантай хорин нэг жил ханилсан Эх дагина ийнхүү тэнгэрт халисны дараа улсын хаан хатангүй байх ёсгүй гэж ноёд түшмэдүүд нь үзсэн учир Эх дагины хойд дүрийг тодруулахаар 17 хошууны 15 охидоос шалгарсан Цэенпил нөгөө гурван аймгаас ирсэн гурван охинтой хоёр дахь шалгаруултанд орж, жил, мэнгэ, суудал ухааны цэлмэг, үзэсгэлэн гоогоороо тэргүүлсэн юм гэдэг. Цэенпилийн аав Наваанлувсан нь нутагтаа “цагаан адуут” хэмээн Чингис хааны алтан ургийн тайж угсааны хүн байж. Охиноо төрсөн дүү Очир-Эрдэнээс өргөж авсан байна. Цэенпил нь унадаг өвчтэй байсан тул чойжин болгож Юмчагмаа нэр хайрлан Цагаан дарь хэмээн өргөмжилж, сахилын нэрийн Гэнэнпил гэж хайрлажээ.Нутгаасаа өргөгдөж явахын өмнө багын сүйт нөхөртэй байж. Түүнийг нь бөх Лувсандамба гэдэг байсан бөгөөд даншигийн начин цолтой хүн байсан гэдэг. “Монгол бөхийн хийморь” номон дээр улсын аварга Ванданг дөрөв давж байсныг тэмдэглэсэн байх аж. Богдод өргөгдөж ирснийх нь дараа жил нь Богд хааны бие чилээрхүү байсан ба өөд болохынхоо өмнө “Энэ Гэнэнпил зургаан мэдрэхүй тэгш хөгжсөн, Цагаан дар эхийн бүрэлбаа хүн. Надаас хойш Да хүрээнд завхруулах хэрэггүй нутагтаа сүйт хүнтэй гэдэг.

Богдын сангаас мянган лангийн хөрөнгө өгч, эцэг эхэд нь хүргэж өгөөрэй” хэмээн зарлигдсан гэдэг. Соёлын гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор А.Баярмагнай сэтгүүлчийн “Зуун жилийн айраг түрүү” номон дотор Богдын даншиг наадмын жороо морины уралдаан дотор ”Цагаан Дара ноёны бор морь” гэж тааралддаг нь хатны морь аж. Хатантанд зориулж ордны аягач шивэгчин нар нь “Хандаамаа” хэмээх дуу зориулсан дуу байдаг аж. “Эрин таван бурхныг тэргүүн дээрээ залсан Эрх гэгээн дагина гэж эрдэнэ Богддоо хань болсон…Арван наймтай ХандаамааАръяан дүрийн Хандаамаа…“ гэх энэхүү дууг хүрээний ноёд хатныг нутаг буцсаны хойнос дуулдаг байсныг ардын уран зохиолч Ш. Сүрэнжав гуай тэмдэглэсэн бичиж байжээ.Богдын сүүлчийн хатны дэргэд багаас нь байж, хожмоо ч аягачийг нь хийж байсан хүний ач охин М.Эрдэнэчимэгтэй уулзаж хөөрөлдөхөд, “Миний эмээг Э.Аюуш гэж хамниган буриад хүн байлаа. Эмээ минь 1900 онд төрсөн хатнаас тав ах хүн байж. Их ой сайтай хүн бидэнд үлгэр ярьж өгөхөөс гадна хатны тухай хууч хөөрдөг байсан ч тэр үед бага байсан болохоор төдийлөн анхаарч тогтоож байсангүй. Эмээ минь ярихдаа” Гэнэнпил хатныг өргөгдөж явахаас өмнө аягачийг нь хийж байсан. Хатныг Хүрээ явсны дараа нэг өдөр хонио хариулаад явж байтал гэнэт морьтой хүмүүс давхиж ирээд аваад явчихсан гэдэг. Эмээ минь бага залуу байсан тул их айж сандарчээ. Гэтэл хатан нутгаа санаад бага залуугаасаа аягач нь байсан эмээг минь дэргэдээ авчруулсан нь тэр байсан гэдэг. Богдын ордонд хатныг даган ирсэн эмээд маань Богд хааны өгсөн хар зандан модон эрхи байсан. Насаараа л хэрэглэсэн. Хатны тухай ярихдаа “Ааль зан сайтай, хүүхдэрхүү зантай ч үг цөөтэй бас их уран хүн байсан” гэдэг байсан. Хатны хүүхдүүдийн хардаг монголоор муухан ярьдаг төвд байсан тухай ч ярьдаг байсан. Миний санахаар хүүхдүүдийг “Хандаа, Цэрмаа“ гээд дуудаад явдаг байсан тухай ярьдаг” байсан гэв. Ийнхүү хатан төрөлх нутагтаа очин хайртай хүнтэйгээ ханилан дөрвөн хүүхэдтэй болж амар жимэр амьдарч байсан ч, 1930-аад оны аймшигт хэлмэгдүүлэлтэд өртжээ. Өр өвдөм тавиланАй хөөрхий нулимстай тавиланг чинь бодохоор Ардын дууны эгшиг тасарч ганирхана Ар цармын цэцэг ургаж амжилгүй хагдарна… Яагаад ч юм сүүлчийн хатны хувь тавиланг бодохоор цээж давчдаж ийм шүлгийн мөрүүд орж ирэх аж. 1930-аад оны хувьсгалын эсэргүүг дарах нэрийн дор хийгдсэн их хэлмэгдүүлэлтэд Монголын сор болсон эрдэм боловсролтой хүмүүсээс гадна эгэл жирийн олон мянган хүн өртөж амь насаа алдсан. Тэдэнд үнэн худлыг дэнслэлгүйгээр алах ял оноож байсан нь аймшигтай. Ийм нийгэм эргээд ирэх вий гэсэн чимээгүйхэн айдас одоо зүрхэнд хурах аж. Хатанд ”Хуучин лам ноёдтой хуйвалдаж Японы тусламжтайгаар ардын засгийг устгах гэж байсан, Богд хаант төрийг буцааж тогтоох гэсэн…” гэх мэт үндэслэл баримт байхгүй хилс хэргээр цаазын ял оноожээ. Энэхүү хэргийг Хэнтий аймгийн Дотоод явдлын яамны хэлтсийн хэрэг эрхлэгч Очирпүрэв төлөвлөж, ангийн дарга Л.Рэнцэн 1938 оны есдүгээр сарын 21-нд баталжээ. Гурван удаа эрүүдэн шүүж дарамтлан байцаалтад оруулсан нь илт байх ба түүний нотолгоо бол хатан эрхий хурууны хээгээ дарж үлдээсэн байдаг. “Хааны хатанд олон бүсгүйчүүдээс сонгогдсон тэр эмэгтэй гарын үсгээ зурчих эрэмбэтэй байсан, тиймээс их дарамтан доор эрхий хурууг нь хүчээр даруулсан байх магадлалтай” гэж энэ талаар судлаач бичсэн байна. Намрын жихүүн өдрүүдэд хар гэрт бие давхар эмэгтэй хоол ундгүй шахам хоригдон байхдаа хувь тавилангаа ингэтэлээ эргэнэ гэж бодоогүй хөөрхөн үрсээ санагалзан хэрхэн нулимс унаган сууж элгээ үнэнийг эрээ бол. Гэнэнпил хатны мэдүүлэгт “Наваанлувсангийн Гэнэнпил би 33 настай. Хэнтий аймгийн харьяат багийг мэдэхгүй. Гэр нэг ам бүл зургаа Барьцын булан хавиар нутагладаг. Эцэг Наваанлувсан нас 60 гаруй, ээж Дунгаа нас жар гаруй, миний нөхөр Лувсандамба нас 38, миний охин Цэрмаа нас арваад, мөн охин Доржханд нас арав гаруй гэх” зэргээр мэдүүлжээ. Төрсөн аав Очир-Эрдэнэ, өргөж авсан аав Наваанлувсан хоёрыг нь хатны хамсаатан эсэргүү хэмээн үзэж мөн л цаазын ялаар шийтгэжээ. Хатныг эрүүдэн шүүсэн Л. Рэнцэн хэмээгч нь Хэнтий аймгийн дарга байсан ба хатнаас гадна маш олон гэмгүй буриад зоныг хоморголон баривчилж найман настай мэргэн хутагт Ламааданг хүртэл дээш нь мэдэгдэж буудан хороолгуулж байсан нэгэн аж. Гэхдээ Л.Рэнцэн даргын хувь тавилан эргэж, өөрөө баригдаж шоронд орж, аяга хоол идэх амьд гарахын төлөө бусдыг гүтгэсэн тухай нь Баабарын “Нүүдэл суудал” номонд товч дурдсан байдаг. Хатны нөхөр Лувсандамба ямар ч гэсэн баривчлагдаагүй үлдсэн байдаг. Бөх хүн таван ханд нүүртэй гэдэг урьдын үг ч бий. Том охин Доржханд нь 2014 онд 90-ээд настай амьд сэрүүн байжээ. Ээжийгээ баригдаад явснаас хойш аав дүү нартайгаа үлдсэн охин нь ээжийгээ эргээд ирнэ гэж олон жил цөхрөлтгүй хүлээж, эсэргүүний хүүхэд хэмээн ад үзэгдсэн ч амьдралынх нь тухай домог мэт яриа олон байдаг. Өөрөө амь насаа алдаж, үр хүүхдүүд хавчигдан гадуурхагдаж…Монголын минь сүүлчийн хатан ийм нэгэн хатуу тавиланг туулсан байх юм.Зөвхөн Богдын хатан байсан гэдгээр нь л буруутгаж буудчихсан гэж бодохоор нэн эмгэнэлтэй. Монголын түүхэд зайлшгүй үлдэх ёстой тэр хүний эдлэж хэрэглэж байсан зүйлс нь ч музейд хадгалагдаагүй байх ба зураг нь мөн үү биш үү гэдэг нь хүртэл эргэлзээтэй байдаг нь харамсал төрүүлмээр. Ижил төстэй хоёр эмэгтэйн зургийг сайн ажиглан харвал Богдын хатан болсондоо итгэж ядсан гэмээр хүүхдэрхүү төрх, гунигтай гэмээр нүд цоо ширтэх шиг… Хэлмэгдсэн буриадуудын тухай “Хадын оройгоор” хэмээх гунигт дуу бий.

Хадын оройгоор харахадам

Харанхы манан соо наран байна

Хайратай л гансыгаа бодоходом

Харалсахын аргам үгүй л холоо л байна

Уулын оройгоор харахадам

Униартай манан соо наран байна

Ушарhан гансаяа haнахадам

Уулзахын аргагүй холоо байна

Шилийн оройгоор харахадам

Сэнхирхьхэн манан соо наран байна

Сэтьхэлтэй гансаяа hанахадам

Сэнгэхийн аргагүй холо байна.

“Хадын оройгоор” дуу хатны нутгаас сонсогдох шиг.

А.ДОРЖХАНД

Mojo AI media agency: Зургуудыг AI-гийн тусламжтайгаар сэргээв.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээӨв соёл

ЖАДО РИНБҮЧИ БАГШ БАЯН-ӨЛГИЙД НОМЫН ИХ АЙЛДВАР АЙЛДАНА

Энэ сарын 20-22-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Раашгэнпэллин хийдэд Зарлигийн ачит багш, Жүддод...

Мэдээ

Триллер, детектив зохиол сонирхогчдын хүсэлтээр хэвлэгдсэн “ХАНДОЛИН”, “МАДРИАНА, ТЭНҮҮЛЧИН ХОЁР”

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын ТРИЛЛЕР,...

Мэдээ

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН АЛТАНЦӨГЦ СУМЫН 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

I ХЭСЭГ Нутгийн зон олон Та бүхэндээ түүхт 100 жилийн мэнд дэвшүүлье🇲🇳👏