Эхлэл Мэдээ МЭДЭГДЭЛ: Хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагыг залхаан цээрлүүлэх үйлдлийг эсэргүүцэж байна
Мэдээ

МЭДЭГДЭЛ: Хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагыг залхаан цээрлүүлэх үйлдлийг эсэргүүцэж байна

Хуваалцах
Хуваалцах

2025.03.18, Улаанбаатар хот

Гуравдугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас хойшлуулашгүй тохиолдол үүссэн гэж Ноорог хуудсын албан оффист нэгжлэг хийж, компьютер, хард тоног төхөөрөмж болон ажилтнуудын гар утсыг хураан авсан байна. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөөс татгалзсан 8 ажилтныг шөнийн 22:00 цагаас 07:00 цаг хүртэл саатуулжээ.Юуны өмнө Ноорог хуудас нь сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээний хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, нийтийн эрх ашгийн төлөө дөрөв дэх засаглалын үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж байгаа залуу редакц билээ. Олон нийтэд ил болсон мэдээллээр Ноорог редакцыг Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан Үндэсний эв нэгдлийг бусниулах гэмт хэрэгт сэжиглэж, ийнхүү хойшлуулашгүй ажиллагаа явуулсан байна.Үндэсний эв нэгдлийг хэвлэлийн эрх чөлөөг боомилох зорилгоор урвуулан ашиглаж байгаад Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв НҮТББ харамсаж байгаагаа илэрхийлж, хүний эрхийг дээдэлдэг ардчилсан Монгол Улсад байж болохгүй үйлдэл гэж үзэж байгаагаа үүгээр мэдэгдэж байна. НҮБ-ын Хүний эрхийн хорооны 34-р ерөнхий тайлбар буюу Үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тайлбарт, “Хэвлэл мэдээллийн байгууллага, хэвлэлийн газар, сэтгүүлчдийг гагцхүү засгийн газар, түүний хэрэгжүүлж буй ул стөр, нийгмийн дэглэм, бодлогыг шүүмжилсний төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үзэл бодол илэрхийлэх эрх чөлөөнд тавих зайлшгүй хязгаарлалт хэрхэвч биш юм” гэж дурдсан байдаг. Одоогоор Ноорог редакцын ажлын тоног төхөөрөмжүүдийг хураан авсан байгаа бөгөөд тэд ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна. Цаашлаад ажлын бус цагаар ийнхүү байцаалт явуулах нь хэвлэл мэдээллийг залхаан цээрлүүлэх шинж чанартай байх тул сүүлийн үед Монголд түгээмэл ажиглагдах болсон энэ арга барилыг эсэргүүцэж байгаагаа албан ёсоор илэрхийлж байна. Ноорог редакц нь нийтийн эрх ашгийн төлөөх сэтгүүл зүйн үүргээ гүйцэтгэх хүрээнд сонгуулийн үеийг баримтжуулсан “18 хоног” баримтат нэвтрүүлгээ удалгүй түгээхээр бэлтгэн ажиллаж байсан юм. Хэвлэл мэдээллийг дэмжих, хараат бус байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг манай байгууллага Ноорог редакцын ажлын тоног төхөөрөмжийг нэн яаралтай бүрэн бүтэн буцаан өгч, тэднийг бие даасан сэтгүүл зүйн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжоор хангахыг шаардаж байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээУлс төр

У.Хүрэлсүх: Сувилагчдын тоог нэмэхэд онцгой анхаарах шаардлагатай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд “Сувилагч тандаа баярлалаа-2025” улсын зөвлөгөөн...

МэдээУлс төр

Ч.ЛОДОЙСАМБУУ: ХОТЫН ДАРГА 150 ХҮНИЙ ХАМТ УНГАРТ ТУРШЛАГА СУДАЛЖ ЯВАА ЮМ БАЙНА

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Хотын дарга 150 хүний бүрэлдэхүүнтэй Унгарт туршлага судалж яваа...

Мэдээ

УЛСЫН ЗААН Б.БАТ-ӨЛЗИЙ БӨХЧҮҮДИЙН ЧАНСААГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан Увс аймгийн Сагил сумын 100 жилийн ойд...

Мэдээ

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1723 боллоо

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм....