МОНГОЛ УЛС
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
Хариу өгөх тухай
2025.07.23
№ 05/13410
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН…
СУУХ ИРГЭН Ц.ЛУТ-ОЧИР
НАРТ
Тус газарт таны ирүүлсэн мэдээллийг хүлээн авч Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 13 дугаар зүйлийн 13.4, 13.5 дах хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1, 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнтэй холбоотойгоор цахим орчин, хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд гарсан асуудлыг хянан үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:
- Иргэн О.Тэмүүлэн нь “Goose” брэндийн хувцсыг 7,0 сая төгрөгөөр, “Smeg” брэндийн эд зүйлсийг 4,5 сая төгрөгөөр, “Исенсо” ХХК-иас 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “Solitare” сүйн бөгжийг 17.1 сая төгрөгөөр тус тус худалдаж авсан, иргэн Ө.Өгөөмөрийн хамт 2025 оны 01 дүгээр сарын 27-ноос 02 дугаар сарын 7-ны өдрүүдэд Сингапур улсад аялахад 25 сая төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 22-23-ны өдөр “Seven Nuga Resort” амралтын газарт 4.5 сая төгрөг тус тус зарцуулсан байна.
- “Херо энтертэйнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар нь тус компанийн орлогоос иргэн О.Тэмүүлэнд 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 150,0 сая төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 80,0 сая төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 70,0 сая төгрөг буюу нийт 300,0 сая төгрөгийг өгсөн болох нь санхүүгийн баримтууд, холбогдох этгээдийн тайлбараар тогтоогдсон.
- Нийслэлийн Татварын газраас ирүүлсэн баримтаар “Херо энтертэйнмент групп” ХХК нь 2024 онд нийтдээ 265,8 сая төгрөгийн татвар төлсөн, мөн оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 6,2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, татвар төлөхийн өмнөх ашиг 4,1 тэрбум төгрөг болохыг тус тус тайлагнасан байна.
- Иргэн О.Тэмүүлэнгээс “Mercedes Maybach” маркийн болон “Lexus RX450h+” маркийн тээврийн хэрэгслийг Ө.Өгөөмөрт бэлэглээгүй. Иргэн Ч.Өгөөдэйбаатар бусдаас авах авлагадаа 2024 оны 12 дугаар сард “Mercedes-Benz s63” маркийн тээврийн хэрэгслийг 200,0 сая төгрөгөөр тооцон авсан ба тухай тээврийн хэрэгслийг эвдрэлтэй гэх шалтгаанаар “Lexus RX450h+” маркийн тээврийн хэрэгслээр зөрүүлэн сольж авсан боловч иргэд хоорондын маргаанаар 2025 оны 04 дүгээр сард буцаасан байна.
- Мөн иргэн О.Тэмүүлэн нь “найз охины хамт нисдэг тэргээр зорчсон” гэх асуудлыг шалгахад “Херо энтертайнмент групп” ХХК нь уран сайхны олон ангит киноны ложистик, зураг авалтын обьектыг судлах ажлын хүрээнд Булган аймагт ажиллахаар “Альфа аврора Эвиэйшн” ХХК-тай 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан “Захиалгат нислэгийн гэрээ”-ний дагуу Улаанбаатар хотоос нислэг үйлдэгдсэн бөгөөд уг нислэгийн багт иргэн О.Тэмүүлэн, Ө.Өгөөмөр нар хамт зорчсон нөхцөл байдал тогтоогдсон.
- Мэдээлэлд дурдагдсан “Chanel” брэндийн цүнх 5000 ам.доллараар буюу 18,0 сая төгрөг, “Miu Miu” брэндийн хувцас 4950 ам.доллар буюу 17,0 сая төгрөгийн хувцас, эд зүйлсийг Ө.Өгөөмөрийн ээж Н.Ариунаагийн цалингийн болон гэр бүлийн гишүүдийн орлогоор худалдан авсан болох нь тогтоогдсон.
Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нь “Херо энтертэйнмент групп” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд тус компаниас түүний хүү О.Тэмүүлэнд өгсөн 300,0 сая төгрөгийг Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасны дагуу 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор мэдүүлэх үүрэгтэй.
ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ДҮН
ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН ДАРГА
М.ДАВААТОГТОХ
(тамга, гарын үсэг)

