Эхлэл Мэдээ Д.Жавзандорж: Баян-Өлгий аймгийн “Раашгэнпэллин хийд”-ийн лам хуврагууд Винайн ёсоор явдал мөр нь ариун, номлол бүтээл, эш онолын шашныг дэлгэрүүлэх зохиол үйлс нь шинийн саран мэт арвидан дэлгэрэхийн ерөөлийг өргөе
МэдээӨв соёл

Д.Жавзандорж: Баян-Өлгий аймгийн “Раашгэнпэллин хийд”-ийн лам хуврагууд Винайн ёсоор явдал мөр нь ариун, номлол бүтээл, эш онолын шашныг дэлгэрүүлэх зохиол үйлс нь шинийн саран мэт арвидан дэлгэрэхийн ерөөлийг өргөе

Хуваалцах
Хуваалцах

МБШТ- Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гэвш лхаарамба Д.Жавзандорж Баян- Өлгий аймгийн БШТөв “Өлзий буян өргөжих хийд”-ийн шинэ дуганы нээлтийн ёслолд хэлсэн мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.

БАГШ ГУРВАН ЭРДЭНЭ ДОР БИШРЭНГҮЙГЭЭР МӨРГӨМҮҮ.

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн зуны дунд морь сарын хуучдын 25-ны билгэт сайн өдөр Баян-Өлгий аймгийн Бурханы Шашинтны төв “Өлзий буян өргөжих хийд”-ийн шинэ дуганы нээлтийн ёслолд морилон саатсан авралт итгэл багш дээдэс, хутагт хувилгаад, эрдэмтэн лам хуврагууд, өглөгийн эзэд тэргүүтэн хүндэт зочид, УИХ-ын эрхэм гишүүд, орон нутгийн удирдлагууд, нутгийн түмэн олон, дээдийн номыг чухалчлан зорьж ирсэн сүсэгтэн та бүхэндээ өлзий учрал бүрдсэн энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлье.

Их Монгол оронд маань Бурханы шашин 2000 орчим жилийн тэртээгээс Энэтхэгээс дундад Ази, Ли, Хотон болон Төвөд орноос гурвантаа дэлгэрсэн байдаг. Ингэж дэлгэрэхдээ Наландарын их сургуулийн уламжлалд суурилан Монголчуудын олон зууны түүх соёл, ёс суртахуун, зан заншил, ахуй амьдралд нэвт шингэн хөгжсөн байдаг билээ.

Ийнхүү Бурханы шашныг “Монголын Бурханы шашин” болгон хөгжүүлэхэд Оройн дээд Очирдара анхдугаар Богд гэгээн Жавзандамба хутагт Өндөр гэгээн Занабазар дээдэс болон үе үеийн богд Жавзандамба хутагтуудын оруулсан ач ивээл, гавьяа зүтгэл цаглашгүй их юм.

Мөн энэ жил Их Эзэн Чингис хааны алтан ураг, Монголын Бурханы шашны тэргүүн, Оройн дээд Очирдара, аврал итгэл Анхдугаар Богд Жавзандамба хутагт Өндөр гэгээн Занабазар дээдсийн түмэн өлзий гийсний 390 жилийн тэгш ой тохиож буй цаг дор Монгол орны маань баруун хязгаар урьдын хүрээ хийдүүд бурханы шашны ном ёсыг дэлгэрүүлэн байсан Баян-Өлгий аймагт тус аймгийн Бурханы Шашинтны төв Раашгэнпэллин хийдийн (Өлзий буян өргөжих хийд) шинэ дуганыг өглөгийн эздийн ачаар цогцлоон байгуулсан нь Монгол орноо Бурханы шашин улам өргөжин дэлгэрэхийн ерөөл билэг жигдэлсэн сайхан үйл болж байгаа бөгөөд “ Раашгэнпэллин хийд” дахин сэргэх үйлд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн эрдэмт лам хуврагуудын гавьяа зүтгэл, ач буянд даган баясаж залбирмуй.

Энэхүү Шинэ дуганы нээлтэд Дээрхийн гэгээнтэн 14-р Далай багшийн Намжал дацан болон нууц тарнийн Жүддод дацангийн хансүр, Ялгуусан их Очирдара лугаа ялгашгүй нэгэн мөн чанарт, бид бүгдийн язгуур үндэсний ачит багш (Хэргийн тухайд алдрыг тань өгүүлэхэд) Жадо ринбүүчи Жэвзүн Данзанжунай балсанбу дээдэс морилон саатаж дээдийн номын рашаанаар шавь биднийг цэнгүүлэн зохиож байгаа цаглашгүй их ач ивээлд тань гурван үүднээс бишрэнгүйгээр мөргөн талархлын тахил өргөе.

Өнө эртнээс өвлөгдөн ирсэн түүх, соёлын биет өвийг сэргээх, өв соёлын “Голомт” төсөл болон бусад төслүүдээр дамжуулан Монголын бурханы шашны түүхийг үнэн зөвөөр ниймэмд таниулах, ёс суртахууныг түгээн дэлгэрүүлэх, амар амгаланг тогтоох, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, бурханы сургаал номыг хойч үедээ уламжлуулан үлдээх их үйлст чин сүсгээр өглөгийн эзэн болсон Ч.Мөнхцэцэг тэргүүтэй өглөгийн эзэд та бүхэнд Монголын Бурханы шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд, Монголын нийт сүсэгтэн олны өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж буянд тань даган баясъя.

Баян-Өлгий аймгийн Бурханы Шашинтны төв “Раашгэнпэллин хийд” буюу “Өлзий буян өргөжих хийд” маань МБШТ-Гандантэгчэнлин хийдийн харъяа болж сүсэгтэн олон, дэлхийн өнцөг булан бүрээс Баян-Өлгий аймгийг зорин ирэх хүмүүст Монголын өв соёлыг таниулах, эв нэгдэлтэй, харилцан хүндлэлтэй оршиж, олон хүний амар амгалан, эгээрэл горилыг хангаж, бурхан номын үйл ажиллагааг нь тасалдуулалгүй явуулахад олон түмэнд тустай үйл хэрэг болж байна хэмээн бэлэгшээж байна. Ингээд Баян-Өлгий аймгийн бурханы шашинтны төв “Раашгэнпэллин хийд”-ийн лам хуврагууд Винайн ёсоор явдал мөр нь ариун, номлол бүтээл, эш онолын шашныг дэлгэрүүлэх зохиол үйлс нь шинийн саран мэт арвидан дэлгэрэхийн ерөөлийг өргөе.

“Раашгэнпэллин хийд”-ийн шинэ дуганы нээлтийн ёслол, номын айлдварыг зохион байгуулахад хамтран оролцож тал бүрийн туслалцаа дэмжлэг үзүүлж байгаа орон нутгийн удирдлагууд, өглөгийн эзэд, хамтран ажиллаж байгаа хүн бүрт МБШТ-Гандантэгчэнлин хийдээ төлөөлөн чин сэтгэлийн талархал илэрхийлэе.
Баярлалаа.

ДЭЭДИЙН НОМЫН ГЭГЭЭ ЗҮГ БҮХНЭЭ ТҮРДЭЛГҮЙ ЦАЦАРЧ, ХАМАГ АМЬТАН НОМЫН РАШААНААР ЦЭНГЭН ЖАРГАХ БОЛТУГАЙ.

2025.07.20 Өлзий билэгт сайн өдөр.

Гандантэгчэнлин Хийд

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээУлс төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Киргиз Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийхээр...

МэдээӨв соёл

Раашгэнпэллин хийдэд Жадо ринбүчи багшийн номын айлдвар эхэллээ

Баян-Өлгий аймгийн Өлгий хот дахь Раашгэнпэллин хийдэд номын их айлдвар эхэллээ. Энэхүү...

Мэдээ

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 12568 боллоо

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм....