Эхлэл Мэдээ АЙЛЧЛАЛ: Албан ёсны уулзалт хийлээ
МэдээУлс төр

АЙЛЧЛАЛ: Албан ёсны уулзалт хийлээ

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар албан ёсны уулзалт хийлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад Эзэн Хааны түвшинд анх удаа хийж буй Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал нийтлэг үнэт зүйлс, харилцан итгэлцэлд суурилсан хоёр улсын харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэж байгааг онцлон тэмдэглэлээ.Монгол Улс, Япон Улсын “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, ард иргэд хоорондын ган бат найрамдал, нөхөрлөлийг батжуулан бэхжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.Монгол Улс дахь ардчиллыг баталгаажуулж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих, хүний нөөцийг бэхжүүлэхэд Япон Улс, Японы ард иргэд халуун дотно, сэтгэл шингэсэн тууштай дэмжлэг үзүүлж ирсэнийг Монголын төр, Засгийн газар, ард түмэн өндрөөр үнэлж, талархаж байдгийг онцлов.Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар төрийн айлчлалынхаа хүрээнд хүн төрөлхтний соёлын өв, Монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл болсон Үндэсний их баяр наадамд хүндэт зочдын хувиар оролцож буйг ард иргэд талархалтай хүлээн авч буйг тэмдэглэв.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр Монгол Улсад хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Япон Улс, Японы ард иргэд тууштай дэмжин, хүүхэд, залуучуудыг Японд сургах зэргээр хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар дэлхий ертөнц, байгаль орчин, ялангуяа чандмань эрдэнэ болох усыг хайрлан хамгаалж, үр шимийг нь зүй зохистой хүртэх нь чухал гэдэгт санал нийллээ. Энэ чиглэлээрх аливаа үйл ажиллагаа, түүний дотор Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй цэнгэг усаа хамгаалах “Цэнхэр алт” үндэсний хөдөлгөөний ач холбогдол, гарах үр дүнг онцоллоо.2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д Япон Улсаас дээд, өндөр түвшний төлөөлөл оролцоно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.“Осака-Кансай Экспо-2025” үзэсгэлэнд Монгол Улсын төр, засаг өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглэж, уг үзэсгэлэн болон 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Осака хотноо болох Монгол Улсын “Үндэсний өдөрлөг”-өөр дамжуулан япон, монгол иргэд харилцан ойлголцлоо улам бүр гүнзгийрүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2019 онд “Япон Улсын Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслол”, 2022 онд тохиосон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр уулзан, халуун дотно яриа өрнүүлж байсан дурсамжаа хуваалцлаа.

Хуваалцах