Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдаар ажиллаж байсан Цахиагийн Элбэгдорж 2025 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн 2028 оны 3 дугаар сарын хугацаанд Хүүвэр институтид нэр хүндтэй зочин судлаачаар ажиллахаар болжээ.
Хүний эрх, ардчиллын төлөө тууштай зогсогч тэрээр, 3.5 сая хүн амтай, Орос, Хятадын дунд орших дундаж орлоготой Монгол Улсыг коммунизмаас гарган, дэлхийн ардчилсан улсуудын хамтын нийгэмлэгийн нэгэн гишүүн болгон хөгжүүлэхэд олон жилийн турш манлайлсан туршлагаараа Хүүвэр институтэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.

Ховд аймгийн Зэрэг суманд малчин айлын хүүхэд болж төрж өссөн Элбэгдорж Украин улсын Львивийн Цэргийн-улс төрийн дээд сургуульд сэтгүүлч мэргэжлээр суралцсан. Түүний улс төрийн замнал 1990-ээд оны эхэнд “Эби” нэрээрээ ардчилсан хөдөлгөөнийг удирдан гарч ирж, Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг боловсруулахад оролцсоноор эхэлсэн. Тэрбээр коммунист дэглэмийг энхийн замаар халж, Монголыг олон ургальч, ардчилсан, нээлттэй улс болгоход шийдвэртэй үүрэг гүйцэтгэсэн.
Элбэгдорж 1998 болон 2004–2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа, 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2013 онд дахин улиран сонгогдон ажилласан. Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа тэрээр ардчилсан шинэчлэл, ил тод байдал, хүний эрхийг дэмжиж, цаазаар авах ялыг халснаар Монголыг хүний эрхийг дээдэлдэг дэлхийн улс орнуудын тэргүүн эгнээнд хүргэсэн. Тэрээр Монгол Улсыг олон улсын тавцанд тэнцвэртэй “гуравдагч хөршийн бодлого”-оор төлөөлөн, Хятад, Оросын дунд бие даасан гадаад харилцааг амжилттай удирдан явуулсан.
“Ардчилал, засаглал, дэлхийн аюулгүй байдлын талаар Хүүвэр институтэд хамтран ажиллаж, санал бодлоо хуваалцах боломж олдож байгаад баяртай байна” хэмээн Элбэгдорж Ерөнхийлөгч хэллээ. “Монголын ардчиллын замнал нь амжилт ба сорил аль алиныг нь харуулсан бөгөөд энэ туршлагаа хуваалцаж, дэлхийн улс орнуудын үзэл бодлоос суралцах хүсэлтэй байна. Энэ бол ардчилсан байгууллуудыг бэхжүүлж, сайн засаглалыг дэмжиж, аюулгүй байдлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал цаг үе. Хүүвэр институтийн эрх чөлөө, тогтвортой байдал, хүний эрхийг дэмжих бодлогын ажилд хувь нэмрээ оруулахыг тэсэн ядан хүлээж байна.”
Элбэгдорж нь НҮБ, Мюнхений аюулгүй байдлын бага хурал, дэлхийн засаглал, зөрчил шийдвэрлэх асуудлаар ажилладаг Club de Madrid зэрэг олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Мөн энх тайван ба хүний эрхийг дэлхий даяар дэмжих зорилготой, Нельсон Мандела агсны үүсгэн байгуулсан “The Elders” байгууллагын гишүүн юм.
Тэрээр өмнө нь 2022–2024 онд Стэнфордын Фриймэн Споглийн олон улсын судалгааны хүрээлэнгийн дэргэдэх Шоренштейний Ази–Номхон далайн судалгааны төвд Бернард ба Сюзан Лиотаудын нэрэмжит зочин судлаачаар ажиллаж байв.
Мөн 2008 онд Монгол Улсад ардчилсан үнэт зүйлсийг хамгаалж, бэхжүүлэх зорилго бүхий өөрийн нэрэмжит “Элбэгдорж институт”-ийг үндэслэн байгуулсан билээ.