Эхлэл Гадаад Амстердам дахь 400 жилийн түүхтэй цай, кофены дэлгүүр өндөр түрээсээс болж хаагдах аюулд оржээ
ГадаадМэдээ

Амстердам дахь 400 жилийн түүхтэй цай, кофены дэлгүүр өндөр түрээсээс болж хаагдах аюулд оржээ

Хуваалцах
Хуваалцах

Амстердамын “t Zonnetje” хэмээх цай, кофены дэлгүүрийг олон жилийн турш эзэмшиж буй Мари-Луиз Велдер дампуурлын ирмэгт ирээд байна. Амстердамын төвд орших Хаарлеммердайк хэмээх олны хөлийн гудамжинд байрлах нарийнхан 17-р зууны барилга руу хүйтэн, бороотой өдрийн үд дунд тасралтгүй хүмүүс орж гарна. Хаалганы дээд талд алтан нар хэлбэртэй пайз дүүжлээстэй бөгөөд энэ нь дэлгүүрийн нэр болох “’t Zonnetje” — Голланд хэлээр “жижигхэн нар” гэсэн утгатай аж.

Хаалганы хонх жингэнэх бүрд зочид орж ирнэ. Өнөөдөр ч гэсэн жуулчид болон байнгын үйлчлүүлэгчид хоёр долоо хоногт нэг удаа цай, кофе авахаар ирсээр яг л 400 жилийн өмнөх үеийнхний адил. Гэвч Амстердамын оршин суугчид болон жуулчдын хайртай энэ газар үүдээ хаах аюул тулгараад байна.

Энэ түүхэн дэлгүүрийг 1999 оноос хойш эзэмшиж буй 76 настай Мари-Луиз Велдер энэ тавдугаар сарын сүүлээр үүдээ хаахаар төлөвлөж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд түрээс хэт өссөнөөс болж цааш амьдарч чадахгүйд хүрсэн байна. Түүний энэ шийдвэр нь жуулчлал, хотын дотоодын гентрификаци (шинэ хөрөнгөтнүүд орж ирэн түрээсийг өсгөдөг үзэгдэл)-ийн нөлөөгөөр Амстердамын түүхэн өнгө төрх алдагдаж байгаагийн нэг тод жишээ болжээ. Амстердамд төрж өссөн Велдер CNN-д ярилцлага өгөхдөө дэлгүүр хаагдах тухай мэдээ Нидерландын Het Parool сонинд гарснаас хойш олон үйлчлүүлэгч, найз нөхдөөсөө дэмжлэг авч байгаа тухай хэлжээ. Тэрбээр илүү өргөн хүрээнд түүхээ хуваалцан, дэлгүүрээ хаалгүй авч үлдэх найдлага тээж байна.

“Намайг маш олон хүн утсаар ярьж, дэмжсэн. Тиймээс магадгүй тэнгэрээс тусламж ирж байгаа байх гэж найдаж байна” хэмээн ногоон юүдэнтэй цамцтай Велдер цай ууж суунгаа CNN-д ярьжээ.

Дэлгүүрийн олон жилийн үнэнч үйлчлүүлэгчид уг мэдээг сонсоод ихээхэн гунигтай байна. Амстердамд найман жил амьдарч буй Кейт Карлайл уг дэлгүүрийг анх тус хотод аялах үедээ олж харжээ. Одоо Карлайл хэдэн долоо хоног тутам уг дэлгүүрээс кофе авдаг бөгөөд тэр кофег гэртээ оруулахад “гэрээр дүүрэн анхилуун үнэр тархдаг” гэжээ. Велдертэй кофе, амьтанд хайртай гэдгээрээ дотно нөхөрлөж ирсэн Карлайл тус дэлгүүр хаагдах нь хотод томоохон гарз хэмээн CNN-д ярьжээ. “Энэ бол соёлын өв. Барилга нь өөрөө, түүх нь, гудамж нь бүгд. Тиймээс үүнийг хамгаалах арга зам олдоосой гэж их хүсэж байна. Эс тэгвээс Амстердам яг л нэгэн хэвийн худалдааны төвтэй болчихно. Гэтэл хүмүүс энд тийм зүйлсээс болж ирдэггүй шүү дээ” хэмээн Карлайл хэлжээ.

Ч.ДӨЛГӨӨН


Хуваалцах