Бразилийн хууль сахиулах байгууллагууд Лэди Гагагийн оролцсон хөгжмийн наадам дээр төлөвлөгдөж байсан тэсрэх бөмбөгийн халдлагыг амжилттай илрүүлэн, зогсоолоо. Уг халдлага нь Риогийн алдартай “Rock in Rio” наадмын үеэр болох байсан гэж албаныхан мэдээлжээ. Одоогоор хэд хэдэн хүнийг сэжигтнээр саатуулсан бөгөөд мөрдөн байцаалт үргэлжилж байгаа аж.

Цагдаагийн байгууллагаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа ч халдлага нь маш ноцтой, урьдчилан сэргийлэх арга хэмжээ цаг алдалгүй авснаар олон хүний амь нас хамгаалагдсан гэж үзэж байна. Лэди Гага болон зохион байгуулагчид одоогоор энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

Нэмэлт мэдээлэл: Лэди Гагагийн тоглолтын үеэр ЛГБТК+ иргэдийг онилсон бөмбөгийн халдлага төлөвлөсөн, гурав дахь этгээд “сатанист ёслолоор хүүхэд хороох” тухай ярьсан хэмээн Бразилийн эрх баригчид мэдээлжээ. Рио-де-Жанейрод болсон Лэйди Гагагийн тоглолтын үеэр халдлага үйлдэхийг завдсан хоёр хүнийг баривчилсан талаар Бразилийн цагдаа ням гаригт мэдээлсэн байна. Тэдний зорилго нь ЛГБТК+ хүмүүсийг онилох байсан хэмээн Цивил цагдаагийн газар мэдэгдэв. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, тухайн хоёр этгээд өсвөр насны хүүхдүүдийг ч хүртэл “дайралтад татан оролцуулах” гэж оролдсон бөгөөд гар хийцийн тэсрэх төхөөрөмж, Молотовын коктейль ашиглан зохион байгуулалттай халдлага үйлдэхээр төлөвлөсөн байна. Халдлагын зорилго нь “нийгмийн сүлжээнд нэр хүнд олох” байсан гэжээ.
Лэди Гагагийн үнэгүй тоглолт Риогийн Копакабанагийн далайн эрэг дээр болсон бөгөөд нийт 2.1 сая хүн цугласан. Гага бол ЛГБТК+ олон нийтийн тууштай хамгаалагч бөгөөд өмнө нь Нью-Йорк хотноо болсон World Pride арга хэмжээний үеэр “Би та нарын төлөө сумны ч өөдөөс зогсоно” хэмээн мэдэгдэж байв. Тэрээр өнгөрсөн сард “үзэн ядалт, мунхаглал дүүрэн хүмүүс ЛГБТК+ иргэд рүү бишрэн харж, хайр, нинжин сэтгэл, энэрэл уучлал гэдэг зүйлсийг суралцах ёстой” хэмээн хэлсэн. Цагдаагийн байгууллагаас мөн мэдээлснээр, сэжигтнүүд интернэт дэх үзэн ядалтын бүлэглэлийн гишүүд байсан ба залуусыг туйлширсан үзэл суртал руу уруу татдаг, өөрийгөө гэмтээх, хүчирхийлэл, педофили зэрэг аюултай контент түгээгчид байжээ. Нэмж дурдахад, гурав дахь этгээд “сатанист ёслолын үеэр хүүхэд хороох” тухай ярьсан нь илэрсэн байна гэж CNN мэдээллээ.
Ч.ДӨЛГӨӨН
Эх сурвалж: Reuters l, Al Jazeera, The Daily Beast, NPR, ABC news