Эхлэл Нийгэм ХАТАН ТУУЛЫГ УСААР НЬ ШИНЖИХҮЙ
Нийгэм

ХАТАН ТУУЛЫГ УСААР НЬ ШИНЖИХҮЙ

Хуваалцах
Хуваалцах

Р.Чүлтэмсүрэн

Харь холоос нутаг усаа санахад хатан Туул гол минь нүдэнд харагддаг л юм даа. “Туулын уснаас нэг амсаад үхэх сэн” гэж өвөрлөгчид хэлдэг. Өвөрлөгчид гэж Өвөр Монголчууд маань шүү дээ. Монгол нутгаасаа ойж хальсан хэчнээн ч монголчууд, цэрэг эрчүүд эцсийн удаа Туул голоосоо амсаж, магнайдаа хүндэтгэн хүргээд, буцааж тавихын бэлгэдэл болгож, Туул голынхоо чулууг нандигнан боож, харь орныг зорьсон билээ. Лүн, Заамарын нутгаар урсах Туул голынхоо эрэгт төрж өсөн бага насаа өнгөрөөсөн, Улаанбаатар хотод ч Туулынхаа эрэгт насан турш амьдарсан хадам эхийгээ өөд болохынх нь өмнөхөн намын “Үнэн” сонин, Ардын Их Хурлын “Ардын төр” сэтгүүлд редактор, хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан сэтгүүлч, ах С.Гүнрэгжав унаа тэрэг олж, хадам эхээ гар дээрээ өргөн, Туул гол дээр аваачсан юм.

Тэгэхэд хадам эх Хандсүрэн нь хачин их баярлаж, мэлмэртэл уйлан, Туулынхаа уснаас амсаад:

– Одоо үхэхэд ч гомдолгүй боллоо гэж хэлсэн гэдэг. Хүргэн хүү ч хадам эхдээ мөнхийн ус уулгасан юм шиг баярласнаа сэтгэл догдлон ярьж байсан нь өнөөдөр юм шиг санагдаж байна. Бас Заамар, Лүн сум, Богдын Хүрээнд ч Туул голоо бараадан насан турш амьдарсан, Хамбын Хүрээнд шавилж байсан өвгөн лам, оточ, лүйжинч Дамий ах (Дамдинсүрэн) маань нас хол гараад байхдаа Яармагт амьдардаг байлаа. Туулын эрэг дээр шахуу гэр хашаатай байсан юм.

Насан өндөр болсон өвгөн ах маань гэрээс үл гарах болсон тул очих бүрд:

– “Туулын ус хэр байна даа? гэж асууна. Өвөл бол: – Туул баринтагласан байна уу? Хэр устай байна? гэнэ. Энэ нь Туул гол өвөл бүрэн хөлдөхийг баринтаглах гэж хэлж байлаа.. Ном судар баринтаглахтайгаа зүйрлэн хэлсэн цэцэн дүрслэл.

Учрыг нь өвгөн ахаасаа лавлавал:

– Туул голын ус татарсан бол эд бараа ховор тарчиг байдаг юм. Туул хэдий чинээ өргөн баринтаглана, төдий чинээ сайн. Туулын ус татраад байвал Хүрээнийхэн төдийгүй улс хотлоороо тарчиг ядуу болдог юм шүү” гэдэг сэн. Нээрээ л 1990-ээд оны эхээр эд бараа хомс үед Туулын ус улам л багасаад эрэг гуу нь нарийсаад байх шиг байж билээ. Одоо бол элбэг устай харагддаг. Нисэх онгоцны буудлаас хотын төв рүү болон түүгээр явах бүрдээ л би Туулынхаа усыг элбэг, хомс байна уу гэж харж явдаг юм. “Барагтай нэг яр шарх, хамууг Туулын усаар угаахад эдгээдэг рашаан шүү дээ” гэж Хүрээний хууччуул ярьдаг байжээ.

Зүүнхараагийн Архины үйлдвэрийн инженер аян замд таарч хууч хөөрч байхдаа:

-“АПУ”-гийн архи үнэхээр сайн байдаг нь технологи, стандартаасаа дутахгүй Туул голын усны чанарт байдаг юм. Манай үйлдвэрийн архи адилхан л мөртлөө уснаасаа болоод АПУ-гийн үйлдвэрлэсэн сархдыг ер гүйцдэггүй юм” гэсэн сэн. Туул голоо олон найрагч магтан бичсэн. Д.Намдаг зохиолч “Туул аа, тунгалагхан Туул аа” гэсэн дуу зохиосон нь цагтаа их дэлгэрсэн гэдэг. Б.Явуухулан ”Туулын урсгал шөнөдөө сайхан” (1957) шүлэг бичсэн нь дуу болж бид саяхан, одоо ч дуулдаг даа.

“Шившин шивнэх залуу навчис

Шөнийн дуу над аялдаг сан

Сөөг моддын нэгийг нь түшин

Шөнөжин сууж би сонсдог сон” хэмээн бичсэн. Туулын хар шугуй даган урсах хатан Туулын усаа тэр ийнхүү уяран бичиж байлаа.

Бас тэрбээр:

Туулайн гүйдэл шиг салхинд

Туулын шугуй найгана

Уулын согоо шиг хүүхэнд

Хайрын сэтгэл дасна” (“Туулын шугуй”, 1960) гэж бичсэн.

Тэр шүлэгтээ:

“Хээрийн салхинд Туул минь

Тахийн зоо шиг бидэрлэнэ…” гэснээ

“Мөнгөн аяга шиг гараас чинь

Туулын уснаас амсах юм сан

Мөнхийн усыг уусан юм шиг

Танхил чамтай амьдрах сан…” гэсэн.

Туул гол тийм л үзэсгэлэн төгөлдөр, цэвэр тунгалаг, бургас шугуй нь “туулайн гүйдэл шиг” зөөлөн, аяс намуун гунхаж байсан тул их яруу найрагч тийхүү дүрсэлжээ.

Наяад оны үед Орос улсад гэрийн хорионд байсан Ю.Цэдэнбал дарга Туул голоо дурсан санагалзан ярьж:

– “Богд уулын орой цастай байна уу? гэж байн байн их асуудаг байсан” гэж сонсоод өрөвдөж билээ. Их хүрээний Богд хан уул, Цэнгэлтэй (Чингэлтэй), Сонгино, Баянзүрх хайрхан-дөрвөн уул, Туул гол гэдэг жирийн нэг уул, гол биш хэмээн уугуул нутгийнхан нь, нийт монгол угсаатан үздэг юм шүү. Дөрвөн уулын дунд ирж амьдарсан бүгд дэгжиж, дэвшиж, өөдөлдөг. Хуучин цагт Богдын хүрээнд, дөрвөн уулын дунд ирсэн “Зовсон хүн жаргаж, золбин нохой зоолдог” хэмээн ярьдаг байсан” хэмээн ажаа (аав) минь хэлэх дуртай сан.

Ажаа минь хар залуудаа ааваасаа, аав нь дээдчүүл, хууччуул, мэргэдээс тэр үгийг сонссон нь тэр.

Мянга есөн гуч, дөчөөд оноос эхлээд Туулын бургасыг огтлон хядаж, түлж дуусгажээ. Эх ундаргынх нь модыг огтлон, сал урсган зөөж байсны уршгаар Туул гол багасаж, олон салаа салбар горхи, булаг нь ширгэсэн юм.

Байгалийг хүчээр эзэрхийлж, ай савыг нь ухаж, элс хайрга авч, там болгосны хариу гэлтэй 1966, 1968 оны их үерээр Улаанбаатар хот урсчих шахаж билээ. Их мөрөн муу муухай бүхнээ цэвэрлэхээр хааяа тэгж шилгээн догширдог ч байж магад. Төв аймгийн Лүн суманд Туул голын эргээр байх мэлхийг гэнэн томоогүйн эрхээр алж устгадаг байсан жаал хүүгийн толгой өсөх насанд нь яртан, усан хаван гүйж, хожим бүтэлгүй эр болон өсөж, наслаагүй юм даг. Энэ жишээг мухар сүжгээр бус байгаль гэдэг амьтай гэж бодоход үл буруудахын үлгэрээр хэлэв. Хатан Туул гол минь дурсамж болох ёсгүй.

Эх сурвалж: Р.Чүлтэмсүрэн, “Эрүүл амьдрах ухаан монгол аман билигт”, Анхдугаар хэвлэл,

Редактор: Б.Болдсайхан, И Сон Гюү (Lee Seong Gyu), П. Молор-Эрдэнэ, Улаанбаатар, 2015, х.57-58.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
TVНийгэм

Мобайл сэтгүүлзүй (Можо), хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан мэдээллийн агентлаг “MOJO AI”.

Мобайл сэтгүүлзүй (Можо), хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан мэдээллийн агентлаг “MOJO AI”.www.mojotv.mn

Нийгэм

Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын “Шилдэг ярилцлага, нийтлэлүүдийн дээжис” ном хэвлэгдлээ

Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Давхардаваагийн Гансаруул 2009-2023 онд Өдрийн сонинд ажиллахдаа...

Нийгэм

ТАНИЛЦ: 2026 онд ахмадууд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх амралт, рашаан сувиллын жагсаалт

Ахмад настны тухай хуулийн 8.1.2-д ахмад настанд амралт, сувиллын газарт амрах эрхийн...